Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 настай хүү буугаар тоглож байгаад 6 настай дүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглож байгаад сум алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй хүүхэд буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна.

Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжлахад, уг хэрэг явдал есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд хүүхдүүд тоглож байхдаа буугаар оролдсоны улмаас санамсаргүйгээр сум алдсан болохыг тогтоожээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар "Найман настай эрэгтэй хүүхэд өөрийн зургаан настай охин дүүтэйгээ тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож, буу алдсаны улмаас дүү нь амь насаа алдсан" гэсэн юм.

Уг хэргийг одоогоор Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Энэ сард сум алдсан хэд хэдэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Эргэн сануулахад, ердөө 18 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын захын нэгэн дүүрэгт айлын цонх руу санамсаргүйгээр буудсан хэрэг гарч байв. Тухайн үед айлд хүн байсан ч азаар суманд оногдоогүй юм.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, галт зэвсгийг хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж, хуулийн дагуу хадгалахыг анхааруулж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт "Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах" талаар заасан байдаг.

Хэрвээ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус зохицуулжээ.

Гэртээ байгаа хүүхдийг болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх зөвлөмж

Түлэгдэхээс сэргийлэх

  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.

Тогонд цохиулахаас сэргийлэх

  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

Галын аюулаас сэргийлэх

  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

Галт зэвсгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Галт зэвсгийг хадгалах талаар:

-Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.

-Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.

-Иргэн, хуулийн этгээд арав, түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.

-Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

- Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв байгууллага нь буудлага үйлдэх байгууламж /тир/-тай, аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон агуулах, галт зэвсэг, сум тээвэрлэх тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлтэй байна.

- Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сумыг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь харуул хамгаалалттай байна гэж тус тус заажээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.