Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 цэргийн шарилыг Өмнөд Солонгосоос Хятадад хүлээлгэж өгчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 цэргийн шарилын үлдэгдлийг Хятадын талд гардуулах ёслол өчигдөр өглөө Өмнөд Солонгосын Инчон хотод болжээ.

Модон авснуудыг тээвэрлэсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн нисэх онгоц Ням гарагийн үд дүнд Хятадын Ляонинь мужийн төв Шэньян хотод газардсан байна.

Эндээс тусгай хамгаалалттай цуваа цэргүүдийн шарилыг эх оронд нь нутаглуулахаар хөдөлжээ. 

Тээвэрлэж ирсэн онгоцыг Хятадын агаарын хилд нэвтрэх үеэр байлдааны хоёр онгоц хамгаалахаар угтсан байна.

 

2014 оноос хойш Өмнөд Солонгосын засгийн газар долоо дахь удаагаа цэргүүдийн шарилыг Хятадын талд хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнд Хятадын 360,000 цэрэг амиа алдаж, шархдсан гэх албан ёсны тоо байдаг ч бодит тоо үүнээс өндөр гэж судлаачид үздэг.

Солонгосын дайн нь дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амь үрэгдсэн дайнуудын нэгд тооцогддог. Нийтдээ 5 сая орчим хүн амиа алдсаны талаас илүү нь энгийн иргэд байжээ.

Энэ удаа хүлээлгэж өгсөн шарилуудын 103-ыг хоёр Солонгосын хилийн DMZ (demilitarized zone) бүс дэх тулааны талбараас ухаж гаргасан бол бусдыг нь Өмнөд Солонгосын бусад бүс нутгаас илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post, Yonhap News