Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Японы алдартай жүжигчин эмэгтэй амиа хорлосон байдалтай гэрээсээ олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон улсын алдартай жүжигчин эмэгтэй Юко Такеүчи амиа хорлосон байдалтай Токио дахь гэрээсээ Ням гарагт олджээ.

Хоёр хүүхдийн ээж, 40 настай тэрбээр кино, телевизийн цувралд олон дүр бүтээсэн алдартай уран бүтээлч юм. Такеүчигийн харьяалагддаг Stardust Promotion агентлаг гэнэтийн эмгэнэлт мэдээг цочирдон хүлээж авснаа мэдэгджээ.

Жүжигчин эмэгтэй 1998 онд “Ringu” нэртэй аймшгийн кинонд тоглож, анх алдаршсан бөгөөд энэ кино нь Холливүүдэд “Ring” нэрээр дахин бүтээгдэж, 2002 онд дэлгэцэнд гарсан юм.

Тэр бас 2018 онд HBO компанийн “Miss Sherlock” цувралд эмэгтэй Шерлок Холмсын дүрийг бүтээсэн нь АНУ болон дэлхийн хэд хэдэн оронд цацагдаж байжээ.

Такеүчи нь 2004-2007 онуудад Японы кино урлагийн академийн оны шилдэг гол дүрийн шагналыг дараалан хүртэж байв.

Жүжигчин эмэгтэйг амиа хорлосон гэж цагдаагийн байгууллага урьдчилан дүгнээд байна. Сүүлийн үед Японы урлаг, спортын алдартнуудын дунд амиа хорлох үзэгдэл хэд хэд гараад байгаа юм. Энэ сарын эхээр жүжигчин эмэгтэй Сэй Ашина, долдугаар сард жүжигчин эрэгтэй Харума Миура, тавдугаар сард бөхийн од Хана Кимура нар тус тус амиа хорложээ.

2015 оноос хойш Японд амиа хорлох үзэгдэл мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан гэгддэг ч дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: BBC