Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Доржготов: Хүний нөлөөгөөр байгаль унаган төрхөө алдаж байгаа нь судалгаагаар тодорхой харагдаж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” олон улсын XIII бага хурал өнөөдөр боллоо.

Дэлхий нийтэд тулгараад байгаа yyp амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөлийг танин мэдэж, байгалийн нөөцийг хамгаалах, менежменттэй ашиглах арга технологийг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсэж байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсэж буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурлын үеэр хэлэлцэн, зөвлөлдөж байгааг зохион байгуулагчид нь тодотгож байлаа.

Хурлын үндсэн зорилго нь Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, эрдэмтэн, бодлого тодорхойлогч нарыг нэгэн талбарт цуглуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар нэгдсэн ойлголцол, зөвлөмжийг гаргахад оршиж байгаа аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

2005 оноос зохион байгуулагдаж ирсэн уг хурал Монгол, Хятад, ОХУ-ын судлаачдыг бүс нутгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн менежментийг дэмжих чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудыг хуваалцах талбар болсныг энэ чиглэлийн судлаачид хэлж байв.

Энэ жилийн олон улсын XIII бага хурал нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Доржготовын 80 насны ойд зориулагдаж байгаагаараа онцлог аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Академич Д.Доржготов "Монголын тэгш өндөрлөг буюу Монголын газар нутаг, Буриад, Тува, Сибир, Өвөр Монголын газар нутгийн байгаль орчны өөрчлөлтийн асуудал, цөлжилт, экосистемийн доройтол гээд олон чиглэлээр судалгаа хийж байгаа. Ингээд үзэхээр хүний нөлөөгөөр байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж, унаган төрхөө алдаж байгаа нь тодорхой харагддаг. Үүнээс үүдэн өөрчлөлтийн хурдыг хэрхэн сааруулах, нөхөн сэргээлтийг яаж хийвэл үр дүнтэй байх вэ гэдэг дээр судалгааны ажлууд хийгдэж байна.

Нийгмийн газар зүйн асуудал буюу энэ бүсэд амьдарч байгаа хүмүүсийн эдийн засаг, аж үйлдвэрийн нөхцөл байдлыг мөн судалдаг. Зөвхөн байгаль орчны асуудал биш" хэмээн ярилаа.

Академич Д.Доржготов Монголд анхлан хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 60 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвиж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас анх удаа хүртсэн эрдэмтэн юм.

“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” хуралд 230 гаруй эрдэмтэн судлаач оролцохоос, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох Хятад, Япон, Герман, Оросын эрдэмтэн судлаачид уригдан, онлайнаар мэндчилгээ дэвшүүлж, илтгэл танилцуулав.