Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн вакциныг 6 сартайгаас 2 настай хүүхдэд сарын зайтай хоёр, 3-аас дээш насныхан болон насанд хүрэгчдэд нэг тунг хийнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл өглөө.

Манай улс жил бүрийн тав болон аравдугаар сард дархлаажуулалтын ээлжит аян өрнүүлдэг.

Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг "Томуугийн халдвараас сэргийлье" уриан дор аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах аж.

 "Сүүлийн нэг сард дархлаажуулалтад хамрагдсан, цочмог халдвараар өвдсөн бол вакцин хийх хугацааг хойшлуулна"

О.Дашпагам "Улирлын томуугийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөсөн. Уг вакцинжуулалтад,

Аймгийн төвийн

  • 2-5 хүртэлх насны хүүхдүүд буюу цэцэрлэгийн насныхан

Нийслэлийн хувьд

  • 6 сартайгаас 9 хүртэлх насны буюу цэцэрлэг болон сургуулийн бага ангийн хүүхдүүд
  • Өндөр настнууд, 
  • Архаг хууч өвчтэй хүмүүс, 
  • Жирэмсэн эмэгтэйчүүд 
  • Эмч эмнэлгийн ажилчид хамрагдах юм.

Хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургуулиуд дээр байгуулсан дархлаажуулалтын түр цэгүүд дээр хамруулахаар зохион байгуулна.

Цэцэрлэг болон бага ангийн насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд сануулахад, улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулах талаар сургууль, цэцэрлэгийн багш мэдээлэл өгч, тухайн цэцэрлэг сургуулиас вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудсыг тарааж байгаа. Тухайн хуудастай эцэг, эхчүүд танилцаж, баталгаажуулах ёстой.

Хэрвээ хүүхэд тань сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол түүнийг эмч болоод багш нарт нь заавал мэдээлэх үүрэгтэй. Ингэснээр улирлын томуугийн вакцин хийх хугацааг хойшлуулах юм.

Бусад эрсдэлт бүлгийн буюу өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч эмнэлгийн ажилтан, архаг хууч өвчтэй хүмүүс харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон эрүүл мэндийн байгууллага дээрх түр цэгүүдээр дархлаажуулалтад хамрагдана.

Вакциныг 6 сартайгаас 2 настай хүүхдэд хоёр удаагийн тунг нэг сарын зайтайгаар хийх бол 3-аас дээш насныхан, насанд хүрэгчдэд нэг удаагийн тунгаар хийх юм" гэв.

"Дархлаажуулалтад хамрагдсанаар томуугийн хүндрэлээс сэргийлэх боломжтой"

Мөн тэрбээр "Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах болоод товлолын дагуу 7, 10 настай хүүхдүүдэд хийдэг сахуу татрангын эсрэг вакциныг нэгэн зэрэг зохион байгуулна.

Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг уриалж байна.

Улирлын томуугийн эсрэг вакцинд хүүхэд тань хамрагдсанаар томуугийн хүндрэл болоод томуугийн вакцины найрлагад орсон вирусээс сэргийлэх боломжтой" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/663942177884098