Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргаа Монгол болон бусад орнуудын оюутны визийг 2 жилийн хязгаартай болгох санал боловсруулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Одоогийн байдлаар АНУ-д суралцах гадаад оюутнуудын виз нь сургуулиа төгсөх хүртэл хүчинтэй үйлчилдэг журамтай.

Тэгвэл энэ байдлыг зогсоож, оюутны визийг хугацааны хязгаартай болгох саналыг АНУ-ын дотоод хэргийн яам боловсруулаад байгаа тухай The Wall Street Journal өчигдөр мэдээлжээ.

Ингэхдээ дэлхийн ихэнх улс орнуудын иргэдийн оюутны визийг дөрвөн жилийн хугацаатай болгож хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл төгсөх болоогүй байсан ч визний хугацаа нь дуусч, дахин сунгах шаардлагатай болох гэнэ.

Үүнээс гадна Ойрх Дорнод, Ази, Африкийн 60 орны иргэдэд олгох оюутны визийн хугацааг хоёр жил болгохоор саналд тусгажээ. Эдгээр орнуудын дотор Монгол улс багтсан байна.

 

Ингэж оюутны визэнд хугацааны хязгаар тогтоох болсон шалтгааныг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж АНУ-ын дотоод хэргийн яам тайлбарласан байна.

Боловсруулсан төслийг нийтэд танилцуулж, санал авах 30 хоногийн хугацаа өчигдөр эхэлжээ.

Гэхдээ арваннэгдүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялбал энэ шинэ журмыг хэрэгжүүлэх ажилд саад учирна гэж ажиглагчид дүгнэж байна.

Дээд боловсролын байгууллагууд, цагаачлалыг дэмжигч байгууллагууд эхнээсээ дээрх саналыг шүүмжилж эхэлжээ.

Олон улсын оюутнууд АНУ-ын их сургуулиудыг сонгоход саад учруулах онц шаардлагагүй арга хэмжээ гэж тэд үүнийг үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Америкийн их сургуулиуд өрсөлдөх чадвараа алдаж, гадаадын оюутнууд Канад, Их Британи, Австралийн сургуулиудыг сонгох нь нэмэгджээ. 2015 онд АНУ-д суралцах гадаад оюутнуудын тоо хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол 2018 онд 10 хувиар буурч, 270,000 хүрэхгүй хэмжээнд буурсныг Олон Улсын Боловсролын Хүрээлэн мэдээлсэн байна.

Цагаачлалын хатуу бодлого, коронавирусийн цар тахлын улмаас энэ онд гадаад оюутнуудын тоо эрс буурахаар байгааг сургуулиуд мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Wall Street Journal