Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралд эерэг өөрчлөлт авчрах шинэ боломж

ikon.mn
2020 оны 9 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Хилийн чанад байгаа хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх – хүлээн авах,  ус, цахилгааны төлбөрөө төлөх гээд санхүүгийн бүхий л үйлчилгээг авах гэж хэдэн цагаар банкинд дугаарладаг байсан тэртээгээс өдгөө буйдан дээрээ тухлаад хүссэн бүх үйлчилгээгээ авчих боломжтой цаг үе рүү нэгэнт шилжжээ. Арав гаруй жилийн өмнө энэ тухай хэн нэгэн хэлсэн бол үлгэрийн, үл бүтэх хэрэг шиг санагдах байсан нь гарцаагүй. Гэтэл өнөөдөр техник технологийн дэвшил, тэр дундаа цахим төлбөр тооцоо гээчийн ачаар үлгэр амилж, ид шидийг “гартаа атгах” боломж бидэнд байна.

Дэлхий дээрх бүх мөнгөний ердөө 8 хувь нь гараас гарт дамжих цаасан мөнгө гэвэл та итгэх үү. Харин үлдсэн нь цахим төлбөр тооцоогоор дамжин гүйлгээнд оролцож буй. Цахим төлбөр тооцоог сонгох шалтгааныг хүн бүр мэдэх ч дахин нэг сануулахад буруудахгүй болов уу.

  • Цаг хугацааг маш ихээр хэмнэдэг. Өдөр тутмын хэрэглээ болсон утас, цахилгаан, интернетийн төлбөрөө төлөх гэж нийслэл Улаанбаатарын түгжрэлд хайран цагаа үрэх шаардлагагүй болсон.
  • Аюулгүй байдал. Гар дамжуулдаг, тээвэрлэдэг бэлэн мөнгөний эрсдэлт соёлыг цахим төлбөр тооцоо бүрэн халж, хамгийн аюулгүй системд удаан хугацаагаар, сэтгэл амар байршуулах боломжтой болсон.
  • Орон зай, цаг хугацааг үл хамааран шуурхай төлбөр тооцоогоо хийх боломж.
  • Хяналтыг гартаа авах эрх. Хэдий их цаг хугацаа өнгөрсөн байлаа ч орлого, зарлагаа хянах боломжтой, хар дэвтрээ хайж эрч хүчээ барах шаардлагагүй. Дээрх бүх үйлчилгээг бид одоогоор Mobile bank, MonPay, SocialPay, QPay, Lend.mn, Upoint зэрэг платформуудыг ашиглан авч байна. Цаашид ч мөн дэвшилттэй шийдлүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Технологид суурилсан энэхүү цахим төлбөр тооцооны эрин үед бид ямар боломжийг шүүрч авч болох талаар өөрийн бэлдсэн бяцхан зөвлөгөөг танилцуулж байна.

ХЭРЭГЛЭГЧЭЭС - НИЙЛҮҮЛЭГЧ БОЛОХ БОЛОМЖ

Буйдан дээрээ суугаад цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авч болохыг өнгөрсөн хэдэн жилд бид ямар ч өндөр хөгжилтэй орноос дутахгүйгээр мэдэж авлаа. Харин үүнээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийд экспортлох маш том боломжийг олон хүн олж харсан гэдэгт итгэлтэй байна. Саяханы нэг жишээ дурдахад, нэгэн монгол эмэгтэй эсгий улавч үйлдвэрлээд Итали руу нийлүүлдэг гэнэ. Мөрөөдлийг нь ийнхүү бодитой болгосон зүйл бол цахим төлбөр тооцооны дэвшил гэдгийг тэрээр бахархалтайгаар хэлж байсан юм. Зөвхөн бараа бүтээгдэхүүнээр үл хязгаарлагдан оюуны контентуудаа бид дэлхийд нийлүүлэх боломж байна. Тухайлбал, миний үзүүлдэг life-coaching үйлчилгээ зөвхөн Монгол Улсаар хязгаарлагддаг байсан бол одоо хэдийнээ хил дамнан, дэлхийн аль ч орноос надад хандах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол Улс, Улаанбаатар хотоор бизнесийн цар хүрээгээ хэмжих шаардлагагүй болсон гэсэн үг.

ШИНЭ ТӨРЛИЙН БИЗНЕС ХӨГЖИХ БОЛОМЖ

Технологийн хүчин чадалд суурилсан шинэ төрлийн бизнесүүд ихээр хөгжих боломжтой талбар бий болжээ. Тухайлбал, бусад улс оронд энгийн хэрэглээ болсон ч манайд төдийлөн дэлгэрээгүй байсан такси дуудлагын үйлчилгээ цахимжиж, энэ төрлийн бизнесийн хөгжил түргэсэх хандлагатай байна. Хэрэвзээ энэ төрлийн компаниуд үйлчилгээгээ бүрэн цахимжуулж чадвал ашиг орлогоо нэмэгдүүлэх маш том нөөц бололцоо тэдэнд бий. Нөгөө талаараа үйлчлүүлэгч бид ая тухтай, аюулгүй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг авах давуу талтай. Энэ мэт өргөн боломж байгааг бизнесүүд соргог анзаарч ашиг орлогоо нэмэгдүүлэх гарцыг цаг алдалгүй эрэлхийлэх шаардлагатай байна.

БУЙДАН ДЭЭРЭЭСЭЭ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Цахим төлбөр тооцоо зайнаас авах үйлчилгээг илүү хялбарчлан, хамрах цар хүрээг тэлснээр мэдээллийн үнэ цэн тасралтгүй өсөж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл би сургалт зохион байгуулдаг. Сургалт гэхээр заавал танхимаар цуглаж бөөгнөрөх, биечлэн ирдэг дүр зураг төсөөлөгдөж байна уу? Өдгөө багш нарын хувьд сургалт зохион байгуулах дэвшилтэт платформуудыг ашиглан, зайнаас үндсэн үйлчилгээгээ хүргэж, төлбөр тооцоогоо цахимаар хүлээн авах нь хамгийн хялбар, цаг хэмнэсэн шийдэл болжээ. Энэ нөхцөлд илүү олон хүн цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр мэдлэг боловсролоо тэлэх ач холбогдолтой юм.

ЭРҮҮЛ ЭДИЙН ЗАСАГ

Санхүүгийн эрүүл тогтолцоог хангах, авлигатай тэмцэх, далд эдийн засгийн хөгжлийг сааруулах хамгийн үр дүнтэй “зэвсэг” нь цахим төлбөр тооцоо аж. Цахим орчинд аливаа гүйлгээ, төлбөр тооцоо, орлого зарлага бүхэн баримтжин үлдэж, гэмт хэргийн чанартай үйл ажиллагааг хянаж, илрүүлэхэд цахим төлбөр тооцооны систем хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна.  

ЭРСДЛЭЭС ХАМГААЛАГДАХ БОЛОМЖ

Гараас гарт, агаар дуслын замаар хүний биед халдварлан тархдаг Ковид-19 цар тахалын энэ онцгой цаг үед бэлэн мөнгөний хэрэглээ маш том эрсдэл дагуулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Улмаар санхүүгийн зах зээлийн гол хэрэглээ нь уян хатан, хөрвөх чадвартай төлбөр тооцооны платформд суурилсан зайнаас харилцах хэлбэр болж, цаашид ч дадал болон хэвших тийшээ хандлаа. Бид үнэхээр богино хугацаанд цахим төлбөр тооцооны идэвхтэй хэрэглээнд шилжсэнээр үүнээс ч дор байж мэдэх эрсдэлээс тодорхой хэмжээнд хамгаалагдаж чадсан юм.

ИЛҮҮ АЮУЛГҮЙ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖ

Сайны хажуугаар саар гэдгийг дор бүрнээ санаж, хариуцлага алдаж болохгүйг сануулах нь зүйтэй болов уу. Тухайлбал, цахим гэмт хэргийн хохирогч болох эсэх нь хэрэглэгчийн санхүүгийн боловсролоос шууд болон шууд бусаар шалтгаалж байдаг. Цахим орчинд баталгаатай платформуудыг сонгон, төлбөр тооцоо хийхдээ ч мөн хамгийн аюулгүй найдвартайг нь сонгох нь өөрийгөө хамгаалах эн тэргүүний бөгөөд хамгийн чухал алхам юм. Миний хувьд олон улсад тэргүүлэгч Visa картыг сонгон хэрэглэж, цахим төлбөр тооцооны аюулгүй байдлаа бүрэн даатгадаг.

Дэлхийн 200 гаруй улс оронд ашиглах боломжтой, 3.5 тэрбум картыг зах зээлд гаргасан Visa компани цахим төлбөр тооцооны зах зээлийг тэртээ 1958 оноос түүчээлсээр ирсэн. Дэлхийн хүн амын хоёр хүн тутмын нэг нь уг системд санхүүгийн хэрэглээгээ даатгасан байхад миний эргэлзээ илүүц биз ээ.

Дүгнэж хэлэхэд, технологийн эринд бид хөндлөнгийн үзэгчийн түвшнээс үйлчлүүлэгч, оролцогчийн түвшинд хүрч очжээ. Дэлхийг хавтгай болгож байгаа маш чухал хүчин зүйлсийн нэг нь цахим төлбөр тооцооны систем яах аргагүй мөн. Яг л энэ өнцгөөс харвал бид санхүүгийн нэлээн том соёлд нэвтрэн орж байна. Үүнийг дагасан өргөн боломжуудыг цаг алдалгүй шүүрч чадвал амьдралын хэв маягаа сайжруулж, стрессээ хөнгөвчлөх бололцоотой. Гагцхүү хэмнэж чадсан тэр их алтан цаг хугацаагаа одоо хэрхэн зарцуулах вэ гэдэгт л толгойгоо гашилгацгаая. Санхүүгийн энэхүү асар том соёл биднээс хариуд нь зөвхөн ухаалаг бөгөөд хариуцлагатай хэрэглэгч байж өөрийгөө төлөвшүүлэхийг л шаардаж буй.

Лектор Г.Мөнгөн

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.