Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хилээр орж ирсэн автомашины одометр заалт, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Авто тээврийн мэдээллийн сан авто үйлчилгээний ангилал тогтоолгох 290 цахим хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан 246 аж ахуйн нэгж, иргэнд ангилал тогтоожээ.

Уг санд нийт 478 авто үйлчилгээний байгууллагын 332 ажилтны мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 12,700 гаруй тээврийн хэрэгслийн 15,000 гаруй засвар үйлчилгээний мэдээлэл үүсэж, давхардсан тоогоор 105,000 гаруй иргэн тус мэдээллийн санд хандсан байна.

Мэдээллийн санд илүү хөгжүүлэлт хийж, цаашид автомашин худалдан авагч иргэдэд тухайн автомашины бүх мэдээллийг нээлттэй болгох гэж буй тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

 
Тодруулбал, иргэд www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу Нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн эзэмшигч эзэмшиж байсан талаарх мэдээлэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг тээврийн хэрэгслийн цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм. 

Мөн импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлыг харах боломжийг бүрдүүлэхийн тулд автотээврийн хэрэгслийн импортоор орж ирэх үеийн мэдээллийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тус ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Хэрэглэгчид аравдугаар сарын 5-наас эхлэн автомашины арлын дугаарыг www.autobox.mn сайтад хийснээр Монгол Улсын хилээр орж ирсэн тухайн автомашины бодит дөрвөн талаас авсан зураг, одометр заалт, арлын дугаар, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой болно" гэж фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа бичжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 25 орноос машин импортлогдон орж ирж байгаа аж.