Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

7.6 тэрбум төгрөгөөр зассан Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Замын зорчих хэсгийг өчигдөр орой нээсэн байна.

Иргэд Нисэх, Яармагаас хотын төв рүү явахдаа уг замаар зорчих боломжтой юм.

"Замын гэрэлтүүлэг бусад тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана"

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 1-ны өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. 

Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, ААН-үүдээс олон өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өнөөдөр ийнхүү зорчих хэсгийг нээлээ.

Одоогоор явган хүний зам,гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд үлдсэн. Түүнийг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв.

"Үйлдвэр, ААН-үүдийг гаднах талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй"

Мөн тэрбээр “Нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ТЭЦ4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажиллаж байна.

Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна.

Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, ААН-үүдийг гадна талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна” хэмээн саналаа хэллээ.

"Зургаан километрийн урттай замын ажлын өртөг нийт 7.6 тэрбум төгрөг"

“Уг засварын ажлын Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэсэн. Тус зургаан километрийн урттай замын ажлын өртөг нийт 7.6 тэрбум төгрөг" гэдгийг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэв.

Тэрбээр "Гол нь ААН болон иргэд автомашиныхаа дугуйг цэвэрлэж хөдөлгөөнд оролцох ёстой. Тиймээс арчлалт, ашиглалт тал дээр сайн анхаарахгүй бол хэчнээн өртгөөр зам бариад нэмэргүй" гэдгийг анхааруулж, ААН, иргэдэд тавих шаардлагаа чангатгах үүрэг чиглэл өгсөн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/991242954681016