Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Хулгайд алдагдсан түүхэн дурсгалт газруудаа олж авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн энэ өдөр Богд хааны хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нээгдлээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм.

Тэрбээр "Монголын бахархлыг бий болгох, үүгээр дамжуулж эх хэл, өв соёлоо үеийн үед өвлүүлэн үлдээх, улмаар ард түмнээ соён гэгээрүүлэх, оюун санааны нэгдмэл чанарыг хадгалах зорилтыг тавин ажиллаж байна. Үүнийг УИХ, Засгийн газр бүрэн дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.

Бидний олон мянган жилийн турш амьдралын ахуй, хэв маяг, сэтгэлгээний нь онцлогт оршиж ирсэн Монгол гэж тодотгох болсон соёлыг судлан шинжилж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн ирээдүйг цогцлоох үүрэг нь монгол төрийн төдийгүй хүн бүрийн үүрэг болох ёстой.

Өөрөөр хэлбэл монгол соёлоор хүн болж, дэлхийн мэдлэгээр биеэ чимэх нь монгол хүүхэд болон иргэн бүрийн үүрэг хэмээн бодож байна.

Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа бие даасан Соёлын яамыг байгуулж,  соёлын олон талт ажлыг онцгой дэмжиж байгааг та бүхэн харж байгаа.

Түүний нэг бодит жишээ нь өнөөдөр нээлтээ хийж буй Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Ерөнхий сайдын захирамж биелэлээ олж, Улаанбаатар хотын удирдлагууд, Богд хааны ордон музейн болон гүйцэтгэгч компанийн хамт олны хичээнгүй хүчин зүтгэлийн үр дүнд Монголын язгуур түүхийг харж болох урлагийн бүтээлтэй цэцэрлэгт хүрээлэн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийж байгаад бид бүхэн баяртай байна.

Та бүхэн мэдэж байгаа, энэ газар баар цэнгээний газар байсан. Харин өнөөдөр түүх, уран баримлын хосолмол цэцэрлэгт хүрээлэн болон өөрчлөгдөж байна.

Цаашдаа улс орныхоо түүхийг харуулсан олон сайхан бүтээлийг Улаанбаатар хотдоо хийх ёстой.

Өнгөрсөн хугацаанд бид олон зүйлээ алдаж, гээсэн. Энэ алдаануудыг бид засаж, залруулах ёстой.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд төр засаг сул ажилласны харгайгаар түүхэн олон газраа бусдад болон хулгайд алдсан. Энэ бүхнээ эргүүлэн олж авна.

Хууль бусаар алдагдсан өмч хөрөнгөө төрийн мэдэлд эргүүлэн авч, олон түмэндээ зориулан ашиглана.

Ирж буй 2021 он монголчууд бидний хувьд онцгой, сайхан жил болно. Хүннү гүрэн байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Богд хаант Монгол Улсын 110, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тус тус тохионо.

Эдгээр түүхэн ойг угтан олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан.

Засгийн газраас соёлын салбарт Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр гэсэн дөрвөн том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь урагштай сайн явж байгаа, ойрын хугацаанд ашиглалтад оруулна.

Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч онцгой анхаарч засаж, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх болно" хэмээн хэллээ.

Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна.