Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Тамир: "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" алдаа гаргахгүйгээр урагшлахад тусална

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Тамир” сангийн Тэргүүн  Э.Тамир Дэлхийн Эдийн Засгийн Форумыг Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Клаус Швабтай хамтран “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" номыг албан ёсоор монгол хэл дээр орчуулж, ирэх сарын эхээр уншигчдын гар дээр хүргэх гэж байна. Түүнтэй номынх нь талаар ярилцлаа.

- “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэх нэр томъёо маш чухлаар яригдаж байгаа ч чухам яг юу вэ гэдгийг яг таг хэлчих хүн цөөн байна. Эндээс яриагаа эхлэх үү?

- Дэлхийн Эдийн Засгийн Форумыг үндэслэгч Клаус Шваб “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэх  энэ нэршлийг анхлан томъёолж, улс орнуудыг өөрчлөлтөд  бэлтгэлтэй байхыг уриалсаар ирлээ.

Миний хувьд дөрөвдүгээр хувьсгал руу орох үед гуравдугаар хувьсгалын үед буюу интернэт хэрэглээнд нэвтрэх үед  гарснаас илүү том өөрчлөлтүүд хийгдэнэ гэж харж байгаа. Тухайлбал, үнэ цэнэ бүтээх процесст ордог хүний хөдөлмөрийн оролцоо улам бүр багасна. Хиймэл оюун ухаанд суурилж дэлхийг хөдөлгөх том шийдвэрүүд гарна. Хүн роботыг бүтээгээд, робот бусдыг нь бүтээнэ. Зөгнөлт кинон дээр гардаг байсан зүйлс бодит болоход ойртож байна. 
Маш том хэмжээний үйлдвэр байгуулах, эсвэл олон хүн ажиллуулах шаардлагагүй болно. Үнэ цэнэ бүтээдэг уламжлалт томъёог өөрчилсөн энэ бүх зүйлийн нийлбэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж ойлгож болно.

-“Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” номыг ямар зорилгоор орчуулан гаргах болов?

-Аж үйлдвэрийн өөрчлөлт бүрийг соргогоор мэдэрч чадсан улс орон бага эрсдэлээр өндөр хөгжилд хүрдэг. Энэ зүйл өдгөө хөгжиж буй орнуудад маш чухал асуудал болоод байгаа. 

Монгол Улс магад өндөр хөгжилтэй болж амжаагүй нь өөрчлөлтөд хурдан дасаж, шинэ зүйлийг эхлэхэд хялбар байж болох юм. Тогтсон, хөгжсөн улс орнуудын хувьд огцом өөрчлөлт хугацаа шаарддаг. Тиймээс "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" номыг монголчууддаа орчуулан хүргэж, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болгох нь бидэнд огцом хөгжил авчрахгүй ч аливаа эрсдлийг бага хохиролтой туулах, хөгжлийн хурдыг эрчимжүүлнэ  гэж бодож дэлхийн бусад орнуудтай зэрэгцэн эх хэл дээрээ гаргаж байна. 
Алдаа гаргалгүй урагшлахад бидэнд их нэмэр болно гэж найдаж байгаа. 

-Технологийн хурдтай хөгжил биднийг хаашаа хөтлөөд байна вэ?

-Ирээдүйд бий болох олон зүйлсийн талаар өмнө нь зөгнөн ярьцгаадаг байсан. Гэхдээ тухайн үед тэрхүү зөгнөл биелэх эсэх нь тун эргэлзээтэй байхаас гадна хүмүүс итгэдэггүй гайхширч байсан. Харин энэ бүхэн нь одоо цагт бүрэн биелэлээ олоод байна. Төсөөлж ч байгаагүй технологийн гайхамшгууд бий боллоо шүү дээ. 

Хүмүүс бид ирээдүйн технологийн хөгжлийн талаар одоо ч өмнөхийн адилаар төсөөлж, таамагладаг хэвээр. Гэхдээ тэдгээр мөрөөдлийнхөө тухайд итгэл үнэмшил дүүрэн байдаг болжээ.Технологиийн дэвшлийг нийгмийг хувиргаж чадах гол хүч болно гэдэгт итгэдэг. 

- Технологийн хурдацтай хөгжил байгууллагын өрсөлдөх чадвартай шууд холбоотой санагддаг?

- Асар их нөөц зарцуулж, урт хугацааны хөгжүүлэлт хийж буй томоохон корпорациудыг эс тооцвол технологийн үр ашгийг хамгийн жижиг болон шинэ бизнесүүд хүртэл ашиглах боломжтой болжээ. Тиймээс байгууллагын технологийн дэд бүтцийг бэлдэх нь ач холбогдлын хувьд хамгийн эхэн хэсэгт анхаарах ёстой зүйлсийн нэг мөн.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монголд ямар үр өгөөж өгнө гэж та харж байна вэ?

- Одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг задлаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж байна. 

-Тэгвэл та дөрөвдүгээр хувьсгалын сөрөг талыг юу гэж дүгнэж байгаа вэ?

- Ажил эрхлэлт, эдийн засаг дахь иргэдийн тэгш оролцооны тал дээр хөгжиж буй улсуудын хувьд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол технологи нь хиймэл оюун ухаан байх болно. Хиймэл оюун ухааны гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хамгийн анхны бүтээгдэхүүн бол өөрөө явдаг машин юм. Жолоочгүй машин гарснаар зөвхөн АНУ-д хоёроос гурван сая ажлын байр байхгүй болно гэсэн судалгааг харж байлаа. Эдгээрээс үүдэн гарах нийгмийн өөрчлөлтөд хэрхэн бэлдэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарна.

-Бид аж үйлдвэрийн хувьсгалын өөрчлөлтөд хэрхэн бэлдвэл зохимжтой вэ? 

-Хиймэл оюун, их тоон өгөгдөл, робот, автоматжуулалт зэрэг дэвшилтэт технологиуд хөдөлмөрийн зах зээлд тэсрэлт хийж, бидний мэдэх олон ажил, үүргийг хэрэггүй болгож төсөөлж ч байгаагүй ирээдүй ирэх гэж байна. 
Технологид ээлтэй ажлын арга барилтай, шинэ зүйлд хурдан дасан зохицдог ажилчид хамгийн үнэ цэнтэйд тооцогдоно. Тиймд байгууллагууд ч өөрсдийн брэндийн үнэ цэн, соёлын давуу талаа харуулсан дижитал платформуудыг үүсгэх нь хөдөлмөрийн зах зээлд эерэг дүр төрх үүсгэн, зөв байрших нэгэн хөшүүрэг байх болно гэж бодож байна. 

-Шинэ ном уншигчдын гар дээр хэзээ хүрэх вэ? 

-Ирэх сарын эхээр хүргэхээр манай сангийнхан шаргуу ажиллаж байна.