Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны алтан медалийг авсан А.Нямдаваа өмнө нь Монголын анхны мөнгөн медалийг мөн авчирч байжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол хүүхэд анх удаа “Мэдээлэл зүйн олон улсын олимпиад” (англиар IOI)-аас алтан медаль авах болзол хангаад мэдээллийн технологид дуртай нэгний сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж байна. 

Гэхдээ ихэнх монголчууд энэ нь яг ямар ач холбогдолтой, ямар үйл явдал болоод өнгөрөв гэдгийг анзаарахгүй байх шиг. Тэгвэл шинжлэх ухааны олон улсын олимпиад гэж юу болдог талаар мэдээлэл хүргэе.

Шинжлэх ухааны олон улсын олимпиад гэж юу юм бэ? 

Энэ бол олон улсын, ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог, байгаль, нийгэм болон хавсрал шинжлэх ухаануудын мэдлэгээр өрсөлддөг уралдаан. Дараах 13 төрлөөр зохион байгуулагддаг. Үүнд:

Олимпиадын нэр

Англи товчлол

Анх зохиогдсон

Математикийн олон улсын Олимпиад

IMO

1959

Физикийн олон улсын Олимпиад

IPhO

1967

Химийн олон улсын Олимпиад

IChO

1968

Мэдээлэл зүйн олон улсын Олимпиад

IOI

1989

Биологийн олон улсын Олимпиад

IBO

1990

Гүн ухааны олон улсын Олимпиад

IPO

1993

Одон орон судлалын олон улсын Олимпиад

IAO

1996

Газар зүйн олон улсын Олимпиад

iGeo

1996

Хэл шинжлэлийн олон улсын Олимпиад

IOL

2003

Шинжлэх ухааны Хүүхдийн олон улсын Олимпиад

IJSO

2004

Дэлхий судлалын олон улсын Олимпиад

IESO

2007

Одон орон,  астрофизикийн олон улсын Олимпиад

IOAA

2007

Эдийн засгийн олон улсын Олимпиад

IEO

2018

Олимпиад уралдааныг хүүхдийг өрсөлдүүлж нэгнээ давах гэсэн эрмэлзэлтэй болгож байна гэх нийгмийн хэсэг байдаг. Гэтэл амьдрал өөрөө тэмцэл, уралдаан билээ. 

Технологийг шилдэг инженерүүд бүтээдэг

Дэлхийн улс орнууд байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэн нь түрүүлж ашиглах вэ гэж хатуу ширүүн өрсөлдөж уралдсаар байгаа нь бодит үнэн. Өрсөж ашиглахын тулд технологи хэрэгтэй. Технологийг шилдэг инженерүүд бүтээдэг. Шилдэг инженер нь шинжлэх ухааны гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Орчин үеийн, гүнзгий мэдлэгийг гүнзгий мэдлэгтэй дэлхийн шилдгүүдтэй уралдаж, туршлага, мэдлэгээ солилцож байж л олж авна. Тиймээс дээрх шинжлэх ухааны уралдаанд амжилттай оролцох сурагчдыг бэлдэх нь шилдэг тэргүүлэгч инженер бэлдэх оновчтой арга зам юм.

Хөгжингүй орнуудын тэргүүлэх компаниуд дээрх олимпиадыг мөнгө санхүү, үйлчилгээгээр байнга ивээн тэтгэж оролцогчдод нь ихээр анхаарч тандан судалдаг. Улмаар амжилттай оролцсон сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурах урилга, элдэв тэтгэлгээр татан өөрсдийн болгож чадварыг нь ашиглан өрсөлдөөний тэргүүллээ хадгалсаар ирсэн. Харин бидэнд энэ тал дээр анхааръя гэсэн ч олимпиадад амжилттай оролцсон сурагчдаа шилдэг инженер болгох сургалтын бааз суурь маань хангалтгүй байна...

Дээрх олимпиадаас хамгийн өргөн цар хүрээ, нэр хүндтэй, практик ач холбогдолтой, судалгаа шинжилгээний байгууллагуудын сонирхлыг татдаг нь Мэдээлэл зүйн олон улсын олимпиад юм. Энэ төрөл нь Математикийн олон улсын олимпиадын дараа эрэмбэлэгддэг, оролцогчдын зорилго нь өгөгдсөн мэдээлэл дээр үндэслэн тавигдсан бодлогыг хамгийн богино хугацаанд үнэн зөв бодож чадах программ зохиох болно. Үр дүнг нь шууд бизнест хэрэглэж болдгоороо Мэдээлэл зүйн олон улсын олимпиад нь компаниудын онцгой анхаарлын төвд оршдог.

Энэ олимпиад нь оролцогч, судалгаа сургалтын байгууллага, бизнесийн байгууллага гурвын уулзалт байдаг. Оролцогч өөрийгөө бусдад таниулах, судалгаа сургалтын байгууллага нь шинэ санаа сэдэл олж хөтөлбөрөө улам сайжруулан эрэлт нийлүүлэлтээ мэдрэх, бизнесийнхэн тэргүүлэх боловсон хүчин олж авах гэж өрсөлддөг ба үүнийг үндсэндээ “түүхий эд, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурвын цуглаан” ч гэж ойлгож болно. Хувь хүн талаасаа Мэдээлэл зүйн олон улсын олимпиадын алтан медаль авах нь уг хүүхдийн ирээдүйн замналыг тодорхой, өргөн боломжит сонголттой, гэгээтэй болгодог. Энэ төрөлд 4 монгол хүүхэд оролцсоноос нэг нь манай улсын анхны алтан медалийг авлаа. 

Мэдээлэл зүйн олон улсын 32 дугаар олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авсан Амарын Нямдаваа нь Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад гурав дахь удаагаа оролцохдоо ийнхүү дэлхийн шилдгүүдийн нэг боллоо. Тэрээр өмнө нь 2019 оны Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас Монгол Улсад анхны мөнгөн медалийг мөн авчирч байсан юм. Бусад гурван оролцогч Б.Бадрангийх, Ш.Билгүүдэй, Б.Хангал нар уг төрөлд олон улсад анх удаа авьяас чадвараа сорьж буй шилдгүүд юм.

“Биеийн бөхөөр нэгийг ялна, билгийн бөхөөр олныг ялна” гэдэг. Надтай адил цөөнгүй хүний хувьд энэхүү алтан медаль нь манай олимпын анхны алтан медалиас ч илүү гүнзгий агуулга, учир холбогдолтой зүйл болж байгаа гэж бодож байгаа. 

Алгоритм

Мэдээлэл зүйг иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад ашиглах чадвартай хэдэн зуун шилдэг инженерийг бэлдэх боломж бидэнд байгаа юм. Ийм инженерүүдийг зохих мэдээллээр хангаад даалгаврыг нь өгвөл хотын замын түгжрэл, ачааллын асуудлыг богино хугацаанд хамгийн оновчтой байдлаар шийдэх шийдлийг олох юм.

Дэлхийд тэргүүлэх инженер бэлдэхийг нийтийн боловсролтой хольж ойлголгүйгээр дээрх төрлийн дотоодын олимпиадад төр засгаас онцгой анхаарч дэмжих ёстой гэж бодож байна. Улмаар олимпиадуудыг  дүрэмжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх, зохион байгуулалт, шалгуурыг нь ил тод, боловсронгуй болгох, урамшууллыг нь чанаржуулах, амжилт гаргагчдыг алдаршуулан сурталчлах, бизнес хэрэглээтэй уялдуулах зэргээр сурагчид болон бизнесийнхний оролцоог нэмэгдүүлэх, олон олон хүүхдийг урамшуулан тухайн шинжлэх ухаанд дурлуулан татаж шимтүүлэх шаардлагатай байна. Аливаа олимпиадын эхний шатыг онлайн болгож хүссэн хүүхэд бүр орж болдог болгохоос эхэлмээр. Эцэг эхчүүд ч хүүхдээ Мэдээлэл зүй, программчлалын хичээлд татан оруулахыг хичээх нь зөв. 

Программчлал гэхээр л программын тухайлсан хэл C, C++, Java гэх мэтчилэн ойлгох нь учир дутагдалтай.

Программчлал гэдэг нь үнэндээ бол алгоритм юм. Өөрөөр хэлбэл асуудлыг богино хугацаанд оновчтой шийдэх шат дараатай аргачлалыг алгоритм гээд байгаа юм. Яг асуудлаа шийдэхийн тулд алгоритмаа программ болгох хэрэгтэй ба үүнд аль нэг программчлалын хэл хэрэг болно. Зүйрлэвэл сайн зохиол бичих санаа, тавилтыг нь алгоритм гэвэл түүнийгээ цаасан дээр буулгах үсэг нь программчлалын хэл билээ.

Ямар ч мэргэжлийн хүний хувьд асуудлыг оновчтой хурдан шийдэх шаардлага үргэлж гардаг. Ийм үед алгоритм тус болдог. Үүнийг дэлхийн нийтээр ойлгоод хүүхдэд бага ангиас нь программчлал буюу алгоритмын хичээл заавал заадаг болж байна. Жишээ нь Япон үүнийг 2020 онд хэрэгжүүлсэн бол Өмнөд Солонгос, Их Британи зэрэг улс хэрэгжүүлээд удаж байна.

Бид харин хаана явна вэ? Монгол хүн учраас бидэнд монгол бичиг л хэрэгтэй харин, алгоритмын тухай ойлголт хэрэггүй юу? Та юу гэж бодож байна?

МЗОУО-аас Монгол Улсын анхны медаль болох хүрлийг 2005 онд Ч.Доржнамжил авч байжээ

  • Анхны МЗОУО Болгарын Правец хотод болж өнгөрчээ. Анх Европын орнууд сэдэж зохион байгуулсан учир Мэдээлэл зүйн олимпиад гэж нэрлэж. Хэрвээ санаачлагч нь Америкчууд байсан бол Программчлалын эсвэл Тооцооллын олимпиад гэж нэрлэгдэх байсан нь дамжиггүй. Учир нь тэд энэ төрлийн дотоодын олимпиадаа Computing Olympiad буюу Тооцооллын олимпиад гэдэг билээ.
  • Анхны олимпиадад Варшавын гэрээний голдуу 13 орны 48 оролцогч 3 гишүүнтэй багууд болон оролцож. Африкаас Зимбабве, Варшавын гэрээний бус улсаас Хятад, Баруун Герман хоёр орсон. ЗХУ 3, Болгар 2 баг оруулж байв. 
  • Улмаар оролцогчдын тоо олширч, цар хүрээ тэлсээр ‘МЗОУО 2020’-д 86 орны 349 сурагч оролцохоор бүртгүүлжээ.
  • 1994 оноос өмнө шүүгч оролцогчийн бичсэн программд гараар өгөгдөл оруулан шалгах замаар үнэлгээг хийдэг байв. Үнэлгээ 1994 онд автомат болж шинэчлэгдсэн нь одоог хүртэл хэрэглэгдэж байна.
  • Зохион байгуулж байгаа орноос бусад нь 4 хүнтэй 1 баг оролцуулдаг ба зохион байгуулагч нь 2 баг оруулах эрхтэй байдаг. 
  • Шагналын тогтолцоо нь 1:2:3:6 буюу сурагчдыг авсан оноогоор нь эрэмбэлээд дээрээсээ 12-ны 1 нь алт, 12-ны 2 нь мөнгө, 12-ны 3 нь хүрэл медаль авдаг. 360 сурагч оролцсон гэвэл хамгийн өндөр оноотой 30 нь алт авна. Түүний дараах 60 оролцогч мөнгө аваад удаах 90 нь хүрэл авах юм. Нийт оролцогчийн 50 хувь нь ямар нэг медаль авдаг гэсэн үг.
  • "МЗОУО 2020"-ын ивээн тэтгэгчид: Micron, Huawey, Paypal, Sea, Tezos, Jump Trading, Goldman Sachs, DBS, Quantco, Charles&Keith, Grab, Poco music.
  • МЗОУО-оос авсан медалийн чансаагаар Хятад(Алт-84, Мөнгө-27, Хүрэл-12), Орос(А-62, М-38, Х-12), Америк(А-52, М-35, Х-16) эхний гурван байрт ордог. Эдгээр нь 2020 оны дүн ороогүй тоо баримт юм. 
  • 21 удаагийн МЗОУО-д Монгол Улсаас нийт 59 оролцогч оролцож байснаас 2020 оны дүнг тооцвол 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл авсан амжилттай явна. Анхны медаль болох хүрлийг 2005 онд Чандманийн Доржнамжил авч иржээ. Тэрээр одоо Японы хиймэл оюуны ExaWizards Inc. компанид ажиллаж байна.  
  • Беларусийн оролцогч Геннадий Короткевич 2006-2012 онуудад нийт 7 удаа ОУМЗО-д оролцсоноос 12 настайдаа орсон эхний олимпиадаасаа мөнгө авч бусдад нь алт авч байжээ. Маш олон уралдаан тэмцээнд түрүүлсэн мэргэжлийн спорт программчин тэрээр хэд хэдэн удаа Google, Yandex зэрэг технологийн аваргуудаас ажлын санал авч байсан боловч хүлээж аваагүй аж. Одоогоор компьютерын шинжлэх ухааны мастераа хийгээд цаашид яахаа төлөвлөх юм байна.
  • Улс орны төр засгууд МЗОУО-аас медаль хүртэгсдээ янз бүрээр шагнаж урамшуулдаг аж. Албан бус мэдээллээс үзвэл Орос алтан медальтанд 15 мянган ам.доллар өгдөг бол Энэтхэг 18 мянга орчим ам.доллар өгдөг байна. Харин Тайвань 6 мянган ам.доллар өгдөг аж. Шагнал өгдөггүй төр засаг ч байдаг. Төр засгаас гадна тухайн улсын компаниуд бас оролцогчийн амжилтыг үнэлж шагнах нь элбэг.