Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх амралтын өдрүүдэд "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн Чингис хааны хүрээ цогцолборт болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2651393755176482

"Тэмцээнийг Чингис хааны хүрээ цогцолборт зохион байгуулна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Монголын морин харвааны холбоо болон нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 26, 27-нд"Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна" гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг хэллээ.

Тэрбээр “Дэлхий нийтэд цар тахал гарч, онцгой нөхцөл байдалд байгаа ч бид аялал жуулчлалынхаа эвэнтийг цаг тухайд нь зохион байгуулж байх хэрэгтэй. Тиймээс Хийморь олон улсын наадмыг онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна" гэсэн юм.

"Есдүгээр сарын 26-нд УДЭТ-ын урдаас "Хийморь" тэмцээн болох газар руу автобус явна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү "“Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаад баяртай байна.

Морьт харваа бол нэг талаар үндэсний спортын төрөл, нөгөө талаар Монголыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн юм.

Энэ жилийн хувьд, дэлхий дахинд цар тахал дэгдсэний улмаас тэмцээнд гаднын тамирчид ирж оролцох боломжгүй болсон. Гэсэн хэдий ч уг тэмцээнийг бид Олон улсын морин харвааны холбоотой хамтран онлайн хэлбэрээр давхар зохион байгуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 26-ны өдөр Монголын тамирчид гурван төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулна.

Ингээд дотоодын өрсөлдөөнөөс шалгарсан есөн тамирчны оноолт, дүн зэрэг материалыг явуулж, Олон улсын морь харвааны холбооны дүгнэлтээр тэмцээний ялагч тодрох юм.

Иргэдийн хувьд, есдүгээр сарын 26-ны өдөр Хийморь тэмцээнийг биеэр очиж үзэх боломжтой. Учир нь тухайн өдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас УДЭТ-ын үүднээс морьт харвааны тэмцээн болох газар руу автобус үйлчилнэ.

Цар тахлын улмаас үүссэн дотоодын хорио тавигдсан учраас бид боломжийг ашиглаж, төлөвлөгөөт хуваарийн дагуу тэмцээнээ зохион байгуулж байна” гэв.

"Хийморь тэмцээнийг олон улс маш сайн ажиглаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын морин харвааны холбооны Монгол дахь төлөөлөгч Д.Мөнхболд “Хийморь тэмцээнийг олон улс маш сайн ажиглаж байна. Учир нь сүүлийн үед дэлхий даяар морьт харвааны спорт асар хурдацтай хөгжиж буй.

Олон улсын тамирчид, сонирхогчид, мэргэжилтнүүд манай улсад болдог “Хийморь” тэмцээнийг нээлттэй, дэлхийн аваргын тэмцээн гэж дэлхий даяар зөвшөөрдөг.

Хэдийгээр энэ жил цар тахалтай холбоотойгоор гаднын тамирчид ирж оролцох боломжгүй ч онлайн хэлбэрээр оролцоно.

Иймд иргэдийг түүхэн уламжлалт морь харвааны спорт хэрхэн хөгжиж, сэргэж байгааг очиж нүдээрээ хараасай гэж хүсэж байна” гэв.

"Морьт харвааны ДАШТ 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдана"

Үргэлжлүүлэн “Жил бүр олон улсын морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог.

Өнгөрсөн жил "Хийморь" тэмцээнийг 18 улсын тамирчдыг оролцуулан маш амжилттайгаар зохион байгуулж чадсан учраас Олон улсын Морьт харвааны холбооноос 2022 онд Монгол Улсад морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулах шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, бид хоёр жилийн дараа олон улсын морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсныг дуулгахад таатай байна” гэв.