Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын хөтөлбөр, шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэгт оролцсон багш нарын саналаас танилцуулж байна. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1307856372896155/

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очирт хандаж хэлмээр байна. Англи хэлний 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын сургуулиуд хувийн сургуулиудаас гурав дахин бага үнэлгээтэй байгаа нь та бүхний ажлын үр дүн. 

Яагаад сумын сургууль, 5 шарын сургуулийн англи хэлний түвшин доогуур байгаа юм бэ. ЭЕШ-нд англи хэлний бичих, ярих, сонсох чадварыг үнэлдэггүй. Үүнийг үнэлбэл бүр доошилно. Багш нар маш их ачаалалтай учраас өөрийгөө хөгжүүлж чадахгүй байна гэж байна. Та нар үүнийг сонсох ёстой. 

Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн англи хэлний багш н.Хоовон: Сургалтын орчин хангалтгүй байна. Багш нар илүү их ачаалалтай ажиллаж байна. Хоёрдугаарт, давтлага өгөх ямар ч боломжгүй. Хоёр ээлжээр хичээллэж байгаа учраас. 

Багшийн хөгжлийн тухайд багш нар насан туршдаа хөгжиж байж хүүхдүүдээсээ хоцрохгүй байх шаардлага тулгарч байна. Гэтэл багш ажлын байран дээрээ хөгжих ямар ч боломжгүй. Өөрөө хөгжих боломж хайхаар сургуулийн удирдлагууд маань үүнийг ойлгодоггүй. “Хувийн амбицаа хөөж байна. Хэнд туслаад, хаагуур яваад байна” гэдэг асуудал тавьдаг. 

Мөн суралцагчдаа судлах цаг огт байдаггүй. Ялангуяа анги удирдсан багшид ангидаа зарцуулах нэг ч цаг байхгүй. 
Сурагчдыг 12-р анги төгсөхдөө IELTS болон TOEFL-ийн шалгалт өгөх хэмжээнд англи хэл сурсан байх ёстой гэдэг. Гэтэл ахлах ангийн сурах бичигт эдгээр шалгалын жишиг даалгавар огт байдаггүй. 

Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн англи хэлний багш н.Бүжин: Багшийн хөгжлийн тухайд ерөнхий боловсролын сургуулийн багш нар бүгдээрээ ажлын байран дээрээ хөгжих чадваргүй юу эсвэл хөгжих сонирхолгүй байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Багшийн хөгжлийг ярихын тулд маш олон гаргалгаа гаргах хэрэгтэй. 

Нэгдүгээрт, багшийн үнэлэмж. Өнөөдөр багшийн үнэлэмж гэдэг зүйл байхгүй болсон. Үүнийг дагаад багш бэлтгэх сургуульд их, дээд сургууль олдоогүй хүүхдүүд орж байна. Дээрээс нь сургалтын хөтөлбөр, сурах бичгийн сайжруулалт зайлшгүй шаардлагатай байна. 

Багш нар өнөөдөр жижиг асуудал яриад байгаа мэт боловч бидний өмнө тулгараад байгаа хамгийн гол зүйл ажлын ачаалал. Бид хичээлдээ бэлмээр байна. Хичээлээ л сайхан зааж, ээлжит хичээлээ боловсруулмаар байна. Бидэнд ийм цаг гарахгүй байна. Жишээ нь, би сургуулийн автобусны судалгааг хэдэн янзаар өгч байна. Ийм ажлуудыг бодлоготой болгомоор байна. Багшийн ажлын байрны үүргийг тодорхой болгох шаардлагатай байна. 

Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн англи хэлний багш н.Мөнгөншагай:  ЕБС угаасаа ачаалалтай байгаа. Давтлага өгөх ямар ч боломжгүй. Анги танхим хүрэлцээгүй. 

Багшийн хөгжлийн тухайд багш бие даан хөгжих бүрэн боломжтой. Ялангуяа англи хэлний багш нар. Хувийн туршлагаасаа ярих юм бол АНУ-ын тэтгэлэгтэй сургалт байна. Энэ төрлийн сургалтыг онлайнаар авах боломжтой.

Хамгийн гол нь энд ярьж байгаа гоё хөтөлбөр, шинэчлэл чинь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Нэг багшид ногдох сурагчийн тоо их байгаа учраас сурагч нэг бүртэй тулж ажиллахад хүндрэлтэй байдаг. Хамгийн гол асуудал нь энэ. Түүнээс биш багшийн хөгжил хувь хүний хандлагаас шалтгаална.