Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Нарангэрэл: Сургууль бүрд гадаад багш ажиллуулах замаар багшийг хөгжүүлэх хэрэгтэй

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ-Үе бүрэн дунд сургуулийн англи хэлний багш Ч.Нарангэрэл “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэгт оролцож, "Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа.

Англи хэлний багш нараа төлөөлөн илтгэл тавьсан тэрбээр "Англи хэлний багш нарт тулгамдаж байгаа асуудлуудыг би үндсэндээ дөрвөн хэсэгт тодорхойлсон. Нэгдүгээрт цагийн ачаалал, хоёрдугаар хичээлийн бэлтгэл хийх байдал, гуравт сургалтын орчин, дөрөвт багшийн хөгжил гэсэн ангиллаар хувааж үзэн танилцуулгаа бэлтгэлээ.

Багш нарын хичээл заах цагийг харвал, өдөрт дунджаар 4.8-5.4 цагийг хичээл заахад зарцуулж байна. Үргэлжлүүлээд багш журналаа бөглөдөг. Үүнд хамгийн багадаа өдөр бүр 30 минут зарцуулдаг ч зарим тохиолдолд хэдэн цагийг зарцуулах үе гардаг. Долдугаар ангийн 7 бүлэгт хичээл ордог багш, нэг сэдвээ долоон удаа/журнал бүрийн ард/ хуулж бичнэ. Үргэжлүүлээд дэвтрээ засна. Хамгийн багадаа 15, цаашлаад 30, 40 хүүхдийн дэвтэр засахад 1-2 цаг зарцуулдаг. Өдөр бүрийн даалгаврыг шалгах зав үнэхээр гардаггүй.

Хичээлдээ бэлдэх ажил тест хувилах, үзүүлэн таниулах материал хэвлэхээс эхэлнэ. Бэлэн материал аваад түүнийгээ бэлтгэхэд л 2-3 цаг зарцуулна.

Дараагийн ээлжид даасан ангийн ажлууд орж ирнэ. Бичиг баримт эмхлэх, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах, багш хоорондын яриа хийх, эцэг эхчүүдтэй ярих, уулзах, хуралдах гээд хамгийн багадаа 9 цагийг нэг өдрийн үйл ажиллагаанд зарцуулж байна.

Үүн дээр нэмээд гэнэтийн ажлууд ороод ирдэг. Өнөөдөр, маргаашийн дотор сурах бичиг, дүрэмт хувцасны талаар мэдээллийг системд оруул гээд даалгавар ороод ирнэ. Уг нь 60 хүүхдийн маань нэр байгаад ард нь дүрэмт хувцастай, хувцасгүй, сурах бичигтэй, бичиггүй гээд тэмдэглээд явдаг бол маш хурдан хугацаанд хийх боломжтой. Гэтэл систем нь хүүхэд бүрийн нэр рүү нэг бүрчлэн орж, мэдээлэл оруулах тохиргоотой. Бүр дүрэмт хувцасных нь үйлдвэрийг хүртэл тэнд нэг бүрчлэн оруулдаг. Дээр нь систем нь маш удаан уншдаг. Ихэнх багш нар гэр бүлдээ, өөрийнхөө хүүхдэд зарцуулах цагаа хумслаад гэртээ системийн ажлыг хийж байгаа.

Хичээлтэй холбоотой эдгээр ажлуудаас гадна ангиа тохижуулна, жижүүр багш хийнэ.

Багшийн цалинд бичиг хэргийн зардлыг оруулж өгмөөр байна. Бичгийн цаас, принтерийн хор гээд зардлууд байнга хувиасаа гаргаад явж байгаа.

Ийм нөхцөлд багш яаж ажлаа амжуулж, сургалтын чанараа сайжруулах вэ гэдэг асуудал болж байна. Хувийн сургуулийн хувьд хүүхдүүддээ давтлага их өгдөг, улсын сургуулийн норм цаг 5 бол хувийн сургуулийнх 6-10. Хот болон орон нутгийн улсын сургуульд энэ боломж байхгүй учраас ЭЕШ-ын оноо нь бага байгаа.

Сургалтын орчин хэлний хичээлд маш чухал. Нэг л асуултаа 25-30 хүүхдээс асууж, эргээд хариулт авахад 40 минут хүрэхгүй. Чадахгүй байгаа хүүхдээ яриулах гэж оролдож байх зуур цаг өнгөрөөд төлөвлөгөөт хичээлээ зааж амжихгүй байна. Дээд тал нь 15 хүүхэдтэй байхаар хуваарилаад явах гэхээр багш болон анги танхим хүрэлцэхгүй.

Багш өдөрт 19 цагийн хичээл заах нормтой байгааг 15 болгомоор байгаа юм. Би энд нэг эмзэг сэдвийг хөндмөөр байна. Сүүлийн үед багш нар цус харвалтад өртөх болсон. Тэтгэвэрт гараагүй байхдаа ажлын байран дээрээ цус харвах тохиолдол гарсан. Тэтгэврээ авч чадахгүй, ажлынхаа үр дүнг үзэхгүй байна.  

Хичээлийн хэрэглэдэхүүний нэгдсэн сантай болох шаардлагатай. Ийм сан байвал цаас хэвлэхгүйгээр шууд интернэтээр тус санд нэвтрээд, хүүхдүүддээ үзүүлээд заачихмаар байна. Номоо дагуулаад сан бий болгоно гэсэн үг. Ингэвэл багшийн хичээлд бэлдэх цаг багасна.

Нэг ангид суралцах хүүхдийн тоог бууруулах шаардлага бий.

Сургууль бүрд гадаад багшийг ажиллуулах замаар багшийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.