Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань Монголын хамтарсан видео хэлэлцүүлэг зохиогдож COVID-19-ээс урьдчилан сэргийлэх асуудлаар харилцан туршлага солилцов

A.Жаргал
2020 оны 9 сарын 23
iKon.MN

Тайваний нэр хүндтэй томоохон эмнэлэг болох Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) болон МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ хамтран, 9-р сарын 22-ны өдөр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд видео хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ нь МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-ийн хамтран зохион байгуулж буй анхдугаар удаагийн видео хэлэлцүүлэг бөгөөд “Тайванийн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийг эмчилж буй туршлагаас хуваалцах нь” сэдвийн хүрээнд зохиогдсон болно. МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү болон Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-ийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю нар талуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг удирдан, видео хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулсан төдийгүй Монголын талаас нийт 30 гаруй төлөөлөл оролцсон явдал нь тус хэлэлцүүлэгт Монголын талаас өндөр ач холбогдол өгч буйг илтгэн харуулж байна.

9-р сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн нийт 312 тохиолдол бүртгэгдээд байгаа ба одоогоор бүртгэгдээд байгаа уг өвчний бүхий л тохиолдол хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол орны дотоодод уг өвчний тохиолдол огт гараагүйн зэрэгцээ  уг вирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй болно. Иймд уг халдварт өвчнөөр өвчилсөн иргэдээ амжилттай эмчлэн, вирусийн халдвараас урьдчилан сэргийлж буй явдал нь гадаадын улс орнуудын анхаарлыг ихээр татаж байна. МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр уг вирусийн халдвар авсан бүхий л өвчтөнг тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тус төв нь уг вирустэй тэмцэх ажлын хүрээнд маш чухал үүрэг роль гүйцэтгэж байгаа билээ.

МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар энэ оны 1-р сараас эхлэн халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлсэн ба халдварт өвчинтэй маш үр дүнтэй тэмцсээр ирлээ. Цар тахлын нөхцөл байдал намжаагүй байгаа энэ цаг үед бид бүгд гар нийлүүлэн хамтдаа вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хамтран зохион байгуулж буй видео хэлэлцүүлэгээр дамжуулан Тайвань Монголын талууд туршлага хуваалцаж буй явдал нь халдварт өвчинтэй тэмцэх үйл хэргийн хувьд онцгой ач холбогдолтой билээ. Тайваний Засгийн газар, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний аж ахуйн нэгжүүд ч мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд хэрэглэгдэхүүн, эд материалыг ХӨСҮТ-д хандивлаж, манай хамт олны ажилд дэмжлэг үзүүлж байсанд гүнээ талархаж байна.” гэв.

Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-ийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю хэлсэн үгэндээ “Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) болон МУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ хамтран анхдугаар видео хэлэлцүүлэг зохион байгуулж буй явдал нь хоёр эмнэлгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх болон шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах онцгой ач холбогдолтой. Энэ удаад уг видео хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байгаа ба хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хичээн ажиллах болно” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тус видео хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс цар тахалтай маш амжилттай тэмцэж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн захиал Д.Нямхүү болон тус төвийн галын шугаман дээр ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагч болон эмч мэргэжилтнүүд хичээл зүтгэл гарган ажиллаж буйд гүнээ талархах нь зүйтэй. Тайваньд шинэ төрлийн коронавируийн нийт 509 тохиолдол бүртгэгдсэн төдийгүй өнгөрсөн 4 сарын хугацаанд дотоодод шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй болно. Тайваний хувьд нийгэм эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй ойрын хугацаанд Монгол оюутнууд сурах зорилгоор чартер нислэгээр Тайвань оронруу зорчсоор байна. Тайваний Засгийн газрын зүгээс МУ-д цар тахалтай тэмцэх үйл хэрэгт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт хандивласан. Үүнээс гадна Тайвань Монгол хоёр орны халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр өрнүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор манай төлөөлөгчийн газраас санаачилсан, 3 дахь удаагийн видео хэлэлцүүлэг ийнхүү амжилттай зохиогдож өндөрлөв. Тайвань Монгол хоёр орны хувьд эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ зэрэг тогтвортой хөгжлийн асуудлын хүрээнд хамтран ажилласаар ирсэн итгэлтэй сайн түншүүд билээ. Тайвань Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн ассамблейд оролцох эрх нь орхигдсоор ирсэн хэдийч “Тайвань тусламж дэмжлэг үзүүлэх чадамжтай төдийгүй дэмжлэг үзүүлсээр байна.” /Taiwan Can Help, Taiwan is Helping/ хэмээх үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхээр хичээн ажилласаар байна. Цар тахал дэгдсэнээс хойш Тайваньчууд эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хэрэгсэл хандивлах, видео хэлэлцүүлэгээр дамжуулан өөрийн орны халдварт өвчинтэй тэмцэх туршлагаас хуваалцах зэрэг хэлбэрээр Монгол Улс болон дэлхийн бусад найрсаг харилцаат улс орнуудтай хамтран халдварт өвчинтэй тэмцэж байна. Өнөөдөр бол Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдаан нээлтээ хийж байгаа өдөр билээ. Монголын ард түмний эрүүл энх сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөө анхаарлаа хандуулсаар ирсэн Тайвань анд нөхдөө цаашид үргэлжлүүлэн дэмжихийг Монгол анд нөхдөөсөө хүсэж байна.

 

Фото зургийн тайлбар: Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө видео хэлэлцүүлгийн дараа МУ-ын ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтдаа дурсгалын зураг татуулав.