Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Есдүгээр сарын эхээр хил дамнасан голуудаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Төмөрбаатар оролцож, мэдээлэл өглөө.

Монгол Улсын байнгын ажиллагаатай 26 боомтоос өнөөдрийн байдлаар УОК-ын шийдвэр, Засгийн газрын тогтоолоор 16 боомт үйл ажиллагаа явуулж байна.

Дээрх боомтуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын 400 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллаж байгаа аж.

"Хилээр орж, гарсан нийт 399,396 зорчигчид хяналт тандалт хийсэн"

Т.Төмөрбаатар "2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын хилээр 257,000 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс 411 нь онгоц бол бусад нь галт тэрэг, суудлын машин, автобус зэрэг байгаа юм.

Мөн хугацаанд хилээр нэвтэрсэн нийт 399,396 зорчигч хяналтад орсон байна. Үүнээс 15,251 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ.

Бид ДЭМБ-аас гаргасан олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд ажиллаж байна.

Үүнд зорчигчийн эрүүл мэндэд хяналт, тандалт хийхээс гадна тухайн хилийн бүсийн орчны болон хүнсний аюулгүй байдал зэрэг коронавирусийн халдвар дамжих эрсдэлтэй мал амьтны хяналтыг зохицуулж байна.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд найман нохой, гурван муур болон хилээр нэвтэрсэн шарил чандрыг олон улсын эрүүл мэндийн дүрмийн заалтаар хяналт тавьж, мэргэжлийн байгууллагад шилжүүлэхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Монгол Улс хилийн нэвтрэх цэг дээр болон коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээгээрээ жишиг орон болоод буй. Энэ нь мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо маш сайн байгааг харуулж байна" гэв.

"Өдөрт 2,000-2,500 жолооч хилээр орж гарч байна"

Үргэлжлүүлэн "Энэ оны гуравдугаар сард хил нээхэд экспортын хэмжээ маш бага байсан бол өнөөдрийн байдлаар экспорт хоёр дахин нэмэгдсэн. Одоогоор өдөрт 2,000-2,500 жолооч, зорчигч хилээр орж гарч байгаад бид хяналт тандалтаа хийсээр байгаа.

Мөн БНХАУ-ын холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүстэй дөрвөн удаагийн хурал хийж, зорчиж буй жолооч нар болон татан авалт хийж буй иргэдийг коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаарх харилцан мэдээлэл солилцсон.

Түүнчлэн ОХУ-ын албаны хүмүүстэй хилийн эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр мэдээлэл солилцон ажиллаж байна.

Хамгийн сүүлд бид хил дамнасан усны аюулгүй байдал дээр хамтарсан тандалт судалгааг эхлүүлсэн. Учир нь олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ усны аюулгүй байдал хилээр дамжих халдвартай уялдаж байдаг юм.

ОХУ-аас өнгөрсөн наймдугаар сард ирүүлсэн. Харин бид есдүгээр сарын эхээр мэргэжлийн байгууллагатай хамтарч хил дамнасан голуудаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан.

Шинжилгээний дүн гарсны дараа бид эргэн мэдээлэх болно.

Цаашид цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж хилийн нэвтрэх цэг дээр хэрэгжиж буй дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна.

Тухайлбал, олон улсын нислэгийг гадаад талбай дээр хүлээн авах биш хоолойгоор дамжуулах асуудлыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2855552811344832