Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д айлчилж буй сайд Н.Энхтайван өнөөдөр ирж, тусгаарлагдана

ikon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэж, хоёр талын мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон аж ахуй, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил албан ёсоор эхэлж буйд баяртай байгаагаа сайд нар илэрхийлж, хамтарсан судалгааны ажил аль болох богино хугацаанд үр дүнтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтуховтай уулзах үеэрээ  Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Хоёр улсын аж ахуй, бизнес эрхлэгчдийн уулзалт, бизнес форумыг тогтмолжуулах, Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-д болдог экспо, үзэсгэлэнд оролцох, ОХУ-аас ХАА-н дэвшилтэт техник төхөөрөмж Монголд нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны айлчлал өнөөдөр өндөрлөх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдана.

 


Эх сурвалж: ГХЯ