Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн ханш он дуустал тогтвортой гэсэн хүлээлттэй байна

Р.Оюун, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад хэрэгжүүлсэн ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тавдугаар сард дууссан бөгөөд үргэлжлүүлээд Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт ороод явж буй. Тэгвэл энэ хүрээнд ОУВС-аас 99 сая ам.долларыг Монгол Улсад шилжүүлсэн. Зорилго нь коронавирусийн цар тахлын үед хөгжил буурай болон хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх аж. 

Өнөөдрийн байдлаар Монголбанкны гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн талаар бид мэдээлсэн. Энэ нь Монгол Улсын импортын 9 сарын хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд байх ёстой нөөцийн стандартаас гурав дахин өндөр дүн болохыг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр хэллээ. 

COVID-19 цар тахлын нөлөөг бууруулж, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх үүднээс долларжилтыг бууруулах чиглэлээр Монголбанкнаас арилжааны банкууд өндөр дүнтэй валютын хадгаламж дээр өндөр хүү амалсан эх үүсвэрийн эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байршуулах нөөцийн урамшуулалыг бууруулан тооцох, валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх, татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авснаар наймдугаар сард долларын хадгаламж бага зэрэг буурсан талаар тэрбээр нэмж мэдээлэв. 

Өнгөрсөн оны наймдугаар сарын эцэст нийт хадгаламжийн 21.3 хувийг валютын хадгаламж эзэлж байсан бол энэ оны наймдугаар сарын эцэст 29.4 хувь болж, 8.1 пунктээр өссөн байна. Харин он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар валютын хадгаламж 50% өссөн бөгөөд эхний найман сарын байдлаар 4.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрээд буй. 

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 15 тоннд хүрсэн байна. Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл сүүлийн хоёр сар дараалан ашигтай гарч эхэлсэн. 2021 оны дөрөвдүгээр сард Мазаалай бондын 500 сая ам.долларын төлбөр төлөхөөр байгаа ч Засгийн газар дахин санхүүжүүлэх магадлал өндөр. Иймд Монголбанк 2020 он дуустал ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна.