Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

NASA 2024 онд саран дээр дахин хүн буулгахдаа $28 тэрбумыг зарцуулна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2024 онд саран дээр дахин хүн буулгах хөтөлбөртөө $28 тэрбумыг зарцуулахаар болсныг АНУ-ын сансар судлалын байгууллага NASA өчигдөр мэдээлжээ.

Artemis нэртэй энэ хөтөлбөрийн хүрээнд 1972 оноос хойш анх удаа саран дээр хүн буулгахаас гадна анх удаа эмэгтэй хүн дэлхийн дагуул дээр хөл тавих юм.

Америкчууд саранд дахин хүрэх болсон шалтгааныг NASA-гийн захирал Жим Брайденштэйн “шинжлэх ухааны нээлт хийх, эдийн засгийн үр ашиг бий болгох, залуу үеийнхний урмыг сэргээх” зорилготой гэж тайлбарлажээ.

“Конгресс дахь хоёр намын дэмжлэгтэйгээр Америкчууд 21 дүгээр зуунд саран дээр буух төлөвлөгөө хэрэгжих боломжтой боллоо. Бид тэнд байнгын сууринтай болж, цаашлаад Ангараг дээр анх удаа хүн буулгах бэлтгэлээ хангах юм” гэж тэр мэдэгдсэн байна.

2024 онд саран дээр буух багт эрэгтэй, эмэгтэй нэг нэг сансрын нисгэгч багтах төлөвлөгөөтэй байгаа юм.

NASA-гийн шинэ пуужин Space Launch System болон сансрын шинэ хөлөг Orion-ийг энэ аялалд ашиглана. Шинэ хөлгийг 2021 онд хүний жолоодлогогүйгээр, 2023 онд хүнтэйгээр хоёр удаа сар руу нисгэх турших ажээ.

Харин 2024 онд хоёр сансрын нисгэгчийг тээвэрлэсэн хөлөг 386,000 км зам туулан сарны тойрог замд хүрэх ба дараа нь шинэ газардагч станцын тусламжтай сарны өмнөд туйлд буух юм.

Саран дээр долоо хоног орчим хугацаанд ажиллахдаа сансрын нисгэгчид шинжлэх ухааны туршилтуудыг гүйцэтгэж, хөрсний дээж цуглуулна. Мөн усны нөөц хайх ажээ. Хэрвээ сарны хөрснөөс усны нөөц олдвол түүнийг амьсгалах хүчилтөрөгч, станцын түлш болгон хувиргаж ашиглах юм.

Бас саран дээр анх удаа Artemis Base Camp нэртэй, урт хугацаанд ашиглагдах суурингийн дэд бүтцийг байгуулах ажээ.

 

Эх сурвалж: Tribune News Service