Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчийн мэдээллээ АНУ-д дамжуулахыг хоригловол Фэйсбүүк Европын зах зээлээс гарна гэв

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сошиал үйлчилгээний компаниуд хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцалж чадаж буй эсэх асуудал дэлхийн улс орнуудын анхаарлыг татсан асуудал болоод байна.

Өнгөрсөн долдугаар сард Европын шүүхээс Фэйсбүүк компанийг хэрэглэгчийн мэдээллээ АНУ-ын тагнуулын албадад дамжуулдаг байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэ дүгнэлтийн дагуу Европын хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хариуцдаг Ирланд улсын комиссар тус компанид хэрэглэгчийн мэдээллээ хилийн чанад руу дамжуулахаа зогсоох хугацаат үүрэг өгчээ.

Тэгвэл Фэйсбүүк компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Дублин хотын шүүхэд гаргасан өргөдөлд хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлбэл тус компани Европ тивд бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, зах зээлээс нь гарах магадлалтайг анхааруулсан байна.

Тус компани энэ анхааруулгаа сүрдүүлэг биш, бодит байдлыг тайлбарласан хэрэг гэж мэдэгджээ.

Фэйсбүүк компанийн мэдэгдэлд “Ирландын дээд шүүхэд гаргасан бичиг баримт нь бизнесийн үйл ажиллагаагаа Европын Холбоо болон АНУ-ын хооронд дата дамжуулах замаар явуулдаг бүх компанид тулгарч буй асуудлын бодит нөхцөл байдлыг харуулж байна. Олон улс дамнасан аюулгүй, нууцлалтай, хууль ёсны дата дамжуулалтыг хоригловол Европын Холбооны зах зээлд ажиллаж буй компаниудын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх юм” гэсэн байна.

Фэйсбүүк компани болон Европын Холбооны эрх баригчдын хооронд гарсан хуулийн маргаан бараг арван жил үргэлжилж байна. Анх 2011 онд Австрийн хуульч Макс Шремс тус компанийн үйл ажиллагаа Европын хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж буй талаар шүүхэд гомдол гаргаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian