Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монгол улсыг оролцуулсан бүс нутгийн халдварт өвчний хяналтын төв байгуулахыг уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ өдрүүдэд НҮБ-ын 75 дахь удаагийн ерөнхий ассамблейн чуулган коронавирусийн цар тахлын улмаас анх удаагаа виртуал горимд зохион байгуулагдаж байна.

Уг чуулганд баян, ядуугаас үл хамааран дэлхийн бүх улс орны төлөөлөгчид оролцож, тус тусын үзэл бодлоо илэрхийлдэг юм. Өчигдөр буюу Мягмар гарагт дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн удирдагчид товч илтгэл тавьсан байна.

Тэдний хэлсэн үгэнд цар тахлын гамшиг голлох сэдэв болж байв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хэлсэн үгэндээ Монгол улсад хамаатай санал дэвшүүлсэн юм. Тэрбээр халдварт өвчнийг хянах, нийтийн эрүүл мэндийн системийг сайжруулах чиглэлд бүс нутгийнхаа Хятад, Япон, Монгол, Умард Солонгос улсуудтай хамтран ажиллах санаачилга гаргажээ. Ийм хамтын ажиллагаа нь Умард Солонгостой энхийн гэрээ байгуулах үйлсэд тус нэмэр болно гэж бодож байгаагаа бас илэрхийлсэн байна.

“Хүн төрөлхтөнд дайнаас илүү аюул учруулж буй Covid-19 гамшиг нь манай хөрш орнуудын аюулгүй байдал бидний аюулгүй байдалтай шууд холбоотойг сануулж өглөө” гэж Мүүн Жэ Ин хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп долоон минут орчим хугацаанд үргэлжилсэн видео илтгэлдээ дэлхий дахинд цар тахал дэгдээсэн Хятад улсад хариуцлага тооцохыг НҮБ-д хандаж уриалсан байна. Харин Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпин илтгэлдээ цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ хамтарч тэмцэхийг уриалаад Хятад улс дэлхийн аль ч улстай “хүйтэн, халуун ямар ч дайн” хийх сонирхолгүй болохыг мэдэгджээ.

Тэр бас цар тахлыг улстөржүүлэх гэсэн оролдлого бүрийг няцаах ёстойг илтгэлдээ онцолсон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сансрын уудамд зэр зэвсгээр хөөцөлдөх явдлыг хориглосон олон улсын гэрээ байгуулахыг уриалж, өөрийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинаар НҮБ-ын ажилтнуудыг үнэ төлбөргүй дархлаажуулах санал тавьжээ.

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр үргэлжилнэ.

 

Эх сурвалж: Al Jazeera