Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Есөн настай талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан. Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байгаа талаар бид өглөө мэдээлсэн билээ.

Уг хэргийн шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүрээс зарим зүйлийг тодрууллаа. 

- Өчигдөр есөн настай охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Энэ хэргийн шалгалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу ?

- Есдүгээр сарын 20-ны өглөө 05:30 цаг орчимд хүүхдийн харамсалтай тохиолдлын талаарх дуудлага мэдээллийг эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Хүүхэд эмнэлгийн түргэн тусламж авч чадалгүй нас барсан. Тэгээд эмнэлгээс цагдаагийн байгууллага руу  холбогдож дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан.

Урьдчилсан байдлаар есөн настай хүүхэд /эмэгтэй/ гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан түүний хойд эцэг гэх 36 настай Б-г холбогдуулан шалгаж байна.

Энэ хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 45 хоног шалгагдана. Энэ хугацаанд шүүх эмнэлгийн дүгнэлт буюу талийгаачийн нас барсан шалтгаан 21 хоногийн хугацаанд тогтоогдсоноос хойш шалгалтын ажиллагаа явуулж, хэн, яагаад учруулсан бүх шалгалтын ажиллагааг нарийвчлан тогтоох боломжтой.

Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулсан бөгөөд урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй.

- Хэрэгт холбогдогчийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан түүх бий болов уу?

- Хойд эцгийн хувьд урд өмнө нь эдэлж байсан ял шийтгэл байхгүй. Бас ямар нэгэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан удаагүй. Цахим мэдээллийн хуудас болон зарим сайтуудаар талийгаачийн биед олон хөхрөлт няцралт байна гэж гарсан байсан. Бид бүхэн гэмтэл шарх сорвийг хэн ямар шалтгааны улмаас үйлдсэн, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг завдаж байсан эсэхэд ч шалгалтын ажиллагаа явуулна.

- Хохирогч хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ?

- Талийгаач охин ээж, хойд аав, 12 настай эгч, 2 настай эрэгтэй дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон. Ээж нь давхар биетэй байсан. Гэхдээ тухайн гэр бүлийн хувьд цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, нөхөр согтуу орж ирээд байна гэсэн дуудлага мэдээллийг огт өгч байгаагүй.

Магадгүй энэ нь далд гэр бүлийн хүчирхийлэл байж магадгүй гэдэг үүднээс шалгалтыг цагдаагийн байгууллага, нийгмийн ажилтан, сургуультай нь хамтран хийж гүйцэтгэж байна.

- Хэрэгт холбогдогч согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан уу?

- Урьдчилсан байдлаар хэргийн газрын үзлэгт архи согтууруулах ундааны шил лааз байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шууд хараад хүнийг согтуу байна гэж хэлэх боломжгүй. Мэдээж хэрэг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтооно. 

- Холбогдох хуулийн хариуцлага ямар байх вэ?

- 2017 оноос өмнө хэрэгжиж байсан хуульд хүнд болон  хөнгөн зүйл ангийг нийлүүлээд нэг хэрэг болгон шалгадаг байсан бол шинэ хуулиар хоёр тусдаа зүйл заалтаар буюу эрүүгийн хоёр ч хариуцлага хүлээхээр байна.

Хэрэв гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан асуудал тогтоогдвол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, удаа дараа үйлдсэн эсэх, үүн дээр хүний амь нас хохироосон нь тогтоогдвол давхар зүйл ангиар хүндрүүлэх нөхцөл байдлаар шалгагдана.

Мөн охинд удаа дараа халдаж байсан хүчирхийллийн шинж тэмдэг тогтоогдвол нуун дарагдуулсан ээж, асран хамгаалагч, тухайн хүчирхийллийг сонссон, мэдсэн, харсан, үзсэн бүх хүмүүсийг татан оролцуулах боломжтой.

-  Энэ онд энэ харамсалтай хэрэгтэй төстэй хэрэг хэр их гарсан бэ?

- Статистик мэдээллийг их, бага байна гэж хэлэх нь өнөөдөр чухал биш. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй бас урьдчилан сэргийлээд, таслан зогсоох бүрэн боломжтой. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаа ихэнх тохиолдолд эхлээд ээж, аав биш найз нөхдөдөө ярьдаг бөгөөд энэ асуудал өөрөө их хаалттай байдаг. Хүүхдээ сонсож, анхаарал тавьдаггүй эцэг эхчүүд ихсэж, эцэстээ үхлээр дуусаж байгаа шинж энэ. 

Ер нь ямар ч гэмт хэрэг зөрчлийг бид бүхэн цагдаагийн байгууллагын 102 утсанд мэдээлэх ёстой.

Гэтэл “Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн зөрчлийн дуудлага мэдээлэл өгөхөөр эргээд намайг дуудаад ажил төрөл хийлгэхгүй, цаг зав бараад байдаг” гэсэн өөрийгөө бодсон хайхрамжгүй үзлээс болж асар том хохирол, хүний амь нас эрсдэх явдал гардаг. Иргэд цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлээд байгаа аян арга хэмжээг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөдөггүй байхад анхаараасай.  

Мөн ЕБС-ууд болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ажлаа идэвхжүүлээч ээ гэж хэлмээр байна.

Ер нь хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн, дуугаа хураах, дээрэлхүүлсэн, ялгаварлан гадуурхагдсан, хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг буюу биед нь хөх няц үүссэн, маажуулсан, чимхүүлсэн сорви байхад ангийн багш нь нийгмийн ажилтны хамт тухайн хүүхэдтэй уулзаж, ярилцдаггүйн улмаас хүүхэд хаалттай, бөглөрч явсаар амь насаараа хохирох явдал гардаг.

Хүүхэд гэртээ эцэг эхийнхээ зааж, зөвлөснөөр хүмүүждэг бол сургуулийн орчинд багшийн хяналтад л байна шүү дээ. Бүх асуудлыг дандаа оройтож, амь нас нь хохирч эрсэдсэний дараа цагдаагийн байгууллага шалгах албагүй. Урьдчилаад таслан зогсоох боломжтой.