Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тохиолдол буурч, сурагчид хичээлдээ явж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 70 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

Ингэснээр сүүлийн хоёр өдөр дараалан 100 хүрэхгүй тооны тохиолдол бүртгэгдэж байна. Ням гарагт тус улсад 82 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн 38 хоногийн хугацаанд анх удаа 100 хүрээгүй тохиолдол болжээ.

Хэдийгээр вирусийн тархалт буурах шинж ажиглагдаж эхэлсэн ч засгийн газар нь одоо үйлчилж буй онц байдлын дэглэмээ дахин нэг долоо хоног сунгахаар болсон байна.

Энэ тохиолдолд дотоод орчинд 50-аас дээш, гадаад орчинд 100-аас дээш тооны хүн цугларахыг хориглодог.

Өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн Сөүл хот орчмын сургуулиуд анги танхимын хичээлээ сэргээж, сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Гэхдээ хичээлийг онлайн сургалттай хослуулж явуулах юм. Өнгөрсөн сарын дундаас эхэлсэн халдварын дэгдэлтийн улмаас нийслэл болон түүний орчмын сургуулиудыг хааж, сургалтыг 100 хувь онлайн горимд шилжүүлээд байв.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд илэрсэн тохиолдлуудын 27.4 хувь нь гарал үүсэл тодорхойгүй байгаа бол 26 хувь нь сүм, ажлын байр, фитнес клуб гэсэн халдварын голомтуудаас гаралтайг тогтоожээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 23,045 тохиолдол бүртгэгдсэнээс 20,248 нь эдгэрч, 385 нь нас барсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News