Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ам зайлагчаар 30 секунд амаа зайлахад коронавирусийг 99.9% устгаж байгааг тогтоожээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх дэлхий дахины судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавируст халдвартай холбоотой 83,315 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгджээ. Үүнээс 350 эмнэл зүйн туршилт судалгаа дууссан байна.

Мөн одоогоор ДЭМБ-д бүртгэгдсэн коронавирусийн эсрэг 186 вакцин бүтээх туршилтын ажил хийгдэж байна.

Хөл хорио цуцлагдсаны дараа зам тээврийн осол өсөх хандлагатай болжээ

1. АНУ-ын Мессуригийн их сургуулийн судлаачид хөл хорионы үеийн 3-5 дугаар сарын хооронд гарсан авто замын ослын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийжээ.

Хөл хорионы өмнөд үед хөнгөн гэмтэл авсан зам тээврийн ослын тохиолдол мэдэгдэхүйц буурсан байсан нь судалгаагаар батлагдсан байна. Харин тавдугаар сард хөл хорио цуцлагдсаны дараа зам тээврийн осол өсөх хандлагатай байсан гэж судлаачид үзжээ.

Зүрх судасны Statins эм нь коронавирусээр нас барах эрсдлийг 30%-иар бууруулж байна

2. Зүрх судасны өвчний үед хэрэглэдэг Statins эмийг COVID-19 халдварын эмчилгээнд олон улсын судлаачид туршиж байна. Энэ эмийг хэр үр дүнтэй талаар Малайзын судлаачид анализ хийх байдлаар судалжээ.

Судалгаанд нийт 8,990 өвчтөн оролцсон байна. 

Дээрх эмнэл зүйн судалгаагаар Statins эм нь халдвар авсан хүмүүсийн нас барах хүндрэлийг 30 хувиар бууруулж байгаа нь тогтоогджээ.

COVID-19-ийн үед нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна

3. COVID-19 цар тахлын улмаас Итали улсад бүдүүн гэдэсний хорт хавдар илрүүлэх үзлэг шинжилгээ хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

Тиймээс Итали улсын эрдэмтэд дээрх шийдвэр ямар үр дүнд хүргэх талаар судалгаа явуулжээ.

Эрдэмтдийн судалгаагаар бүдүүн гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээ 4-6 сар зогссон тохиолдолд хожуу үе буюу гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хорт хавдрын тохиолдол 30 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна.

Цаашлаад 12 ба түүнээс дээш сараар уг үзлэгийг зогсоовол бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барах иргэдийн тоо мэдэгдэхүйц өснө гэж үзжээ.

Иймд судлаачид, коронавирусийн үед нэн шаардлагатай эрт илрүүлэг, үзлэгийн тусламж үйлчилгээг хориглохгүй байхыг зөвлөж байна.

АНУ-ын хүн амын 20% нь халдвар авсан тохиолдолд 11.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ

4. АНУ-ын Нью Йорк хотын судлаачдын судалгаагаар COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн эмчилгээний зардал нь 3,045 ам.доллар байжээ.

Судлаачдын тогтоосноор, АНУ-ын хүн амын 20 хувь нь халдвар авсан тохиолдолд 11.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бол 2.7 сая хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэнэ гэж тооцоолжээ.

Мөн 1.6 сая хүн амьсгалын аппаратад орох шаардлага хэрэгцээ бий болох бөгөөд 163.4 сая ам.долларын  эмчилгээний шууд зардал үүснэ гэсэн байна.

Цайрын эмчилгээ нь коронавирусээр нас барах магадлалыг 80%-иар бууруулж байна

5. БНХАУ-ын эрдэмтэд цайрыг коронавируст халдварын үед хэрэглэх эмнэл зүйн судалгааг явуулж эхэлжээ. Тэд нийт 141 өвчтөнд цайр оролцуулсан эмчилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн биеийн байдлын коронавирусийн стандарт эмчилгээ хийлгэж буй 377 өвчтөнтэй харьцуулжээ.

Цайр нь үрэвсэл намдаах, дархлаа сэргээх зэрэг үр дүн үзүүлсэн бөгөөд өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа нь 84 хувиар, нас барах магадлал нь 80 хувиар тус тус бууруулж байжээ.

Ам зайлагч коронавирусийг 99.9 хувийг устгаж чадна

6. АНУ-ын Пеннсилвани мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд эмчийн жоргүйгээр эмийн сангуудад зарагддаг хамар, ам зайлагч COVID-19 халдварын вирусийг устгах чадвартай эсэхийг судалжээ.

Ингэхдээ 30 секундээс хоёр минут хүртэл хугацаанд ам, хамраа тухайн уусмалаар зайлах үед вирусийн хэдэн хувийг устгаж байгаагаар нь харьцуулсан байна.

Судалгаагаар ам зайлагчаар 30 секундийн турш л амаа зайлахад вирусийг 99.9 хувийг устгаж чадсан үр дүн гарчээ.

Тиймээс эрдэмтэд гэрийн нөхцөлд ам, хамар зайлагч хэрэглэх нь коронавирусийг устгахад үр дүнтэй бөгөөд 30 секунд л хэрэглэхэд хангалттай гэж үзэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/343501363469291

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.