Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголын хүн амын 40 хувь гараа бүрэн гүйцэд угааж чаддаг

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд оролцож, коронавируст халдварын талаар хүн амын мэдлэг, хандлага дадлын талаар судалгааны үр дүнг танилцууллаа.

Тэрбээр "Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өвчний шинж тэмдэг, хэн өртөх эрсдэл өндөртэй гэх мэт 14 зүйлийг мэдэх ёстой гэж үзэхэд хүн ам дунджаар есөн оноотой үнэлэгдсэн. Энэ бусад улс оронд хийгдсэн судалгааны үр дүнтэй ойролцоо байна. Иргэд хэн илүү өртдөг, нууц үеийн хугацаа болон урьдчилан сэргийлэх талаар бүрэн гүйцэд мэдлэггүй байгаа юм.

Хүн амын 80 гаруй хувь манай улс халдварыг дотооддоо алдах вий гэхээс айж байгаагаа илэрхийлсэн. Мөн амны хаалт, гар ариутгагч үнэтэй байх, гар угаах боломжгүй орчноос үүдэлтэйгээр халдвар тархах эрсдэлтэй хэмээн үзсэн байна.

Дадлын хувьд гурван зүйлийг л авч үзсэн. Эхнийх нь амны хаалт зүүх, хоёрт хүн хоорондын зай барих дадал байгаа юу, гуравдугаарт гараа угаах болон цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийн дадлыг хамруулсан. Ингэхэд,

  • Амны хаалт зүүх дадал хүн амын дунд 60 гаруй хувьтай байна. Иргэд банк, төрийн үйлчилгээг авахдаа 80 гаруй хувьтай амны хаалт зүүж байгаа ч бусад газруудад ялангуяа олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байгаа.
  • Хүн хоорондын зайг барих дадлыг мөн л банк, төрийн үйлчилгээг авахдаа баримталж байгаа ч бусад газруудад дадал болоогүй байна.
  • Хүн амын 40 хувь л гараа бүрэн гүйцэд угааж чаддаг. Гарыг дунджаар 10 секунд угааж байгаа. Гэтэл гарыг 20 секундээс доошгүй хугацаагаар угаах ёстой.

ЭМЯ-наас өгч байгаа урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг мөрдөж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээрэй гэж хүсье" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/343501363469291/
НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.