Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын өндөр настны тоо 36.17 саяд хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Япон улсын хүн амд эзлэх ахмад настнуудын тоо хамгийн сүүлийн байдлаар 36.17 саяд хүрснийг тус улсын засгийн газраас Ням гарагт гаргасан тоо баримт харуулжээ.

Энэ нь жилийн өмнөхөөс 300,000 орчмоор нэмэгдсэн үр дүн юм байна.

65 ба түүнээс дээш настай иргэдийн хүн амд эзлэх хувь 28.7 хувьд хүрсэн нь Япон улсын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Мөн дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Итали улсын хүн амын 23.3 хувийг ахмад настнууд бүрдүүлсэн нь дэлхийд Япон улсын дараа хоёрт орох үзүүлэлт болжээ. Гуравдугаарт 22.8 хувьтай Португаль улс жагссан байна.

Хэрвээ хүн амын хөгшрөлт энэ хэвээр үргэлжилбэл 2040 онд 35.3 хувийг ахмадууд эзэлнэ гэсэн тооцоог Японы засгийн газар гаргажээ.

Сүүлийн байдлаар нийт ахмадуудын 15.73 сая нь эрэгтэйчүүд, 20.44 сая нь эмэгтэйчүүд болсон байна.

Ажиллах хүчний хомсдлын улмаас ажил эрхэлдэг өндөр настнуудын тоо сүүлийн 16 жил дараалан өссөн байна. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн насны 8.92 сая ахмад ажил эрхэлж байгаа ажээ.

Ахмадуудыг хамгийн олноор ажиллуулдаг эдийн засгийн салбар нь 1.6 сая ахмад ажилтантай жижиглэн худалдааны салбар, 1.08 сая ахмадтай хөдөө аж ахуй, ой модны аж ахуй болсон байна.

 

Эх сурвалж: Kyodo News