2020/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.33₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
00:00
S31
-7°
01:00
S31
-8°
02:00
S31
-8°
03:00
S31
-8°
04:00
S31
-8°
05:00
S31
-8°
06:00
S31
-9°
07:00
S31
-9°
08:00
S32
-9°
09:00
S32
-7°
10:00
S32
-4°
11:00
S32
-2°

С.Төрбурамын “Бодлын цөл” хайчилбарын шинэлэг, бүтээлч номд УИХ-ын дарга “Мэргэн ном” цомоо гардууллаа

ikon.mn
2020 оны 9 сарын 19
iKon.MN
 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2020” өнөөдөр (2020.09.19) Д.Сүхбаатарын талбайд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриатайгаар нээлтээ хийлээ. Номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнэ 14 жил болжээ.

Аравдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх энэхүү номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” сэдэвт нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, “Уншигчдын сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиогчийн хүүрнэл” зэрэг төрлөөр цахим уралдааныг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

Мөн Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх шийдвэр, зөвлөмжийн дагуу нэг дор иргэдийн төвлөрлийг үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт номын үзэсгэлэн, худалдааг “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар баярыг нээж хэлсэн үгэндээ ““Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг. Тэгэхээр шинэ ном бүхэн шинэ цонх гэсэн үг юм. Жил бүр дэлхий даяар хоёр сая гаруй шинэ “цонх” нээгддэг гэсэн баримт бий. Тэр олон “цонх”-ны дотор Монголын бичгийн мэргэдийн нээсэн “цонх”, шинэ номууд ч багтаж байгаа. Тиймээс эрдэм соёл, танин мэдэхүй, утга, уран зохиолын шинэ шинэ “цонхууд”-ыг нээж байгаа буянтай үйлсийн эзэд зохиолч уран бүтээлчдэдээ, түүнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж буй номын садан, номын зүтгэлтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монголчуудын бичиг соёлын түүх нэн эртний уламжлалтай. Түүхэн сурвалж бичгээс үзвэл нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний эзэн хаан хөрш улсын хаадтай захидал бичиг илгээн харилцаж байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Хүннүгийн үеийн булшнаас олдсон бийр янтай зэрэг нь хүннү нарыг бичиг үсэгтэй байсныг гэрчлэх бөгөөд энэ үеэс өнөөг хүртэл монгол угсаатан өөрийн бичиг үсгийг зохион, түүх шашдираа туурвин үлдээсээр иржээ.

Энэ гайхамшигт өв соёлыг тээн хадгалах, уламжлан хөгжүүлэх нь бидний болон ирээдүй үеийнхний эрхэм хүндэт үүрэг юм. Чухам тийм ч учраас өчигдөрхөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Үндэсний ном, бичиг соёлын баярыг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэж байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. УИХ энэ төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах болно.

Ингэснээр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” албан ёсоор хуульчлагдаж, номын соёл дэлгэрэх, хүүхэд залуусаа номд дуртай болгох, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг зохистой үнэлэх, хэвлэлийн үйлдвэр, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжрах, номын үйлчилгээ, хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Монгол уран бичлэгээ Та бид дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулж чадсан. Одоо бид монгол ном, монгол уран зохиолоо дэлхий даяар түгээх хэрэгтэй байна. Энэ зорилгод орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах нь чухал юм. Тухайлбал, “e-book” буюу цахим ном, цахим номын сан, цахим номын дэлгүүр, ном солилцооны бүлэг, аудио номын сан, сонсдог ном, тоон номыг Монгол номын соёлын хүрээнд идэвхтэй нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэж хэлье” гээд сүүлийн 10 гаруй жил Номын баярын арга хэмжээг зохион байгуулж, Улаанбаатар хотоо Дэлхийн номын нийслэл болгох эрхэм зорилгын төлөө зүтгэж яваа “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гишүүдэд талархал илэрхийлэв.

Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан бүтээлгэсэн бөгөөд “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, гардуулан өгдөг уламжлалтай.

“Үндэсний номын баяр-2020”-ийн “Онцлох ном”-оор уран хайчилбарын нэрт мастер, зураач С.Төрбурамын “Бодлын цөл” шүлэг-бодрол-эргэцүүлэл-хайчилбарын шинэлэг, бүтээлч ном шалгарлаа. Харин “Номын ертөнцийн гавьяатан”-аар “Тагтаа паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, “Мэргэн уншигч”-аар номын зүтгэлтэн Н.Энэрэл нар тодорч, “Мэргэн ном” цомын эзэд боллоо. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлсэн юм.

“Үндэсний номын баяр-2020” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар болон Монгол Улсын Үндэсний болон Хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн төв номын сан, боловсрол, соёл, урлагийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд хамтран ажиллаж байна.

Номын баярт жил бүр 30 000-40 000 уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, ном худалдан авав.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x