Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Германы хөлбөмбөгийн баг өөрийн тамирчдад халдвар тараахгүйн тулд өрсөлдөгчдөө 37:0 харьцаагаар хожигджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Германы хөлбөмбөгийн лигийн хамгийн доод шатанд тоглодог нэг клуб өнгөрсөн Ням гарагийн тэмцээнд тоглохдоо коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авсан нь тэднийг өрсөлдөгчдөө 37:0 харьцаатай хожигдоход хүргэсэн байна.

SG Ripdorf /Molzen клубын өрсөлдөгч нь SV Holdenstedt II клуб байжээ.

Өмнөх тэмцээнд Holdenstedt клубын тамирчид коронавирусийн халдвартай хүнтэй цуг тоглосон нь мэдэгдсэний дараа Ripdorf клубын тэргүүн тамирчдаа вирусээс хамгаалах үүднээс тэмцээнийг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Гэвч зохион байгуулагчид уг хүсэлтийг хүлээж аваагүй тул Ripdorf клуб өөрсдөө талбайд халдвараас сэргийлэх арга хэмжээ авахаар шийджээ.

Хэрвээ тэмцээнийг алгасвал тус клуб холбооны зүгээс мөнгөн торгууль хүлээх болоод байв. Клуб санхүүгийн хохирлоос зайлсхийхийн тулд тэмцээнд оролцохоор болсон ч бас тамирчдаа өвчлүүлэхгүй байх арга хэмжээ авсан байна.

Ингэхдээ сайн дурын үндсэн дээр тоглох зөвшөөрлийг тамирчдадаа олгожээ. Өөрөөр хэлбэл вирусийн халдвар авах эрсдлээс айсан тоглогчдод тэмцээнийг алгасах эрх өгсөн байна. Ингээд талбайд ердөө долоон "зоригтой" тоглогч гарахаар болж, тэдгээр нь өрсөлдөгч багийн тамирчдад хэт ойртохгүй, зай барьж тоглохоор болжээ.

“Цар тахлын улмаас манай клуб мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа тул тамирчид маань ямар нэг аргаар энэ тэмцээнд оролцох шийдвэр гаргасан. Бид маш муу үр дүн үзүүлэхээ мэдэж байсан ч тамирчдын эрүүл мэнд хамгаас чухал байлаа. Энэ улирлын тэмцээнүүдээ бүрэн дуусгаж, оноо цуглуулах нь бидний хувьд хамгийн чухал байсан юм” гэж Ripdorf клубын дэд тэргүүн Патрик Ристоу ярьсан байна.

Тэмцээний турш Ripdorf клубын тоглогчид маш идэвхгүй байж, өрсөлдөгчид нь бараг хоёр минут тутамд нэг гоол хийж байжээ.

Германы клубүүдийн хачин тоглолтын тухай мэдээ сошиал ертөнцөд тарснаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орсон байна.

“Сүүлийн хэдэн өдрийн турш дэлхийн олон орны хэвлэл мэдээллүүд манай клуб рүү залгалаа. Энэ тохиолдолд яавал хамгийн зөв байсан талаар маш олон хүн санал бодлоо хэллээ. Хэрвээ дараагийн удаа ийм нөхцөл байдал үүсвэл бид тэмцээнийг хойшлуулах арга олно гэж найдаж байна” гэж Ристоу ярьжээ.

 

Эх сурвалж: CNN