Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британид коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь гарцаагүй болсныг Борис Жонсон зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсад коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь гарцаагүй болсныг тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр зарлажээ.

Сүүлийн өдрүүдэд Лондон хот болон Английн хойд бүс нутагт нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол бараг хоёр дахин нэмэгдэн 6,000 хүрч, эмнэлгүүдийн ачаалал өссөн байна. 

“Бид тахлын хоёр дахь давалгаатай тулгарах нь тодорхой боллоо” гэж мэдэгдсэн Борис Жонсон засгийн газар нь хорио цээрийн дэглэмээ сэргээж болзошгүй байгааг анхааруулжээ.

“Би хорио цээрийн дэглэмийг хоёр дахь удаагаа орон даяар хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөхийг харж байж шийднэ” гэж тэр хэлсэн байна.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Их Британи улс АНУ, Бразил, Энэтхэг, Мексикийн дараа коронавирусийн өвчлөлөөр хамгийн олон хүнээ алдсан дэлхийн тав дахь улс болсон юм. 

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Англид өдөрт 6,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн 3,200 орчмоос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок орон даяар хорио цээрийн дэглэмийг хоёр дахь удаагаа тогтоох нь хамгийн сүүлчийн шатанд авах арга хэмжээ бөгөөд одоогоор ямар нэг төлөвлөгөө байхгүй байгааг мэдэгдсэн байна.

Өнөөдөр вирусийн тархалт өссөн бүс нутгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон ба үүнд нийт 10 сая гаруй хүн хамрагдаад байгаа ажээ.

Энэ удаагийн тархалтад 2-11, 17-24, 25-34 насныхан хамгийн их өртөж байгааг статистик тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: Reuters