Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

“МАА дагасан үйлдвэрлэлийг улс орон даяар хөгжүүлж, малчин бол бизнес эрхлэгч гэдгийг харуулах цаг болсон”

ikon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зөвлөгөөн, нутгийн шилмэл малын үзэсгэлэн, худалдааг Завхан аймгийн Тамгын газар болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Улиастай хотод 2020 оны есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд хамтран зохион байгуулж байна. 

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан болон ОУ-ын Хөдөлмөрийн Байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын малчдын төлөөллийг арга хэмжээнд  оролцуулж төслийн үйл ажиллагааг танилцуулан, нийгмийн даатгал, малын чанар, түүхий эдийн чанар сайжруулалт болон зах зээлтэй холбоотой яриа, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш зохион байгуулж байна. 

Зөвлөгөөн, шилмэл малын үзэсгэлэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Завхан аймгийн Засаг Дарга Д.Батсайхан, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Европын холбооноос монгол улсад суушаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан Захирал Пьер Ив-Люка болон ХХААХҮЯ-ны төлөөлөл нар оролцлоо. 

Арга хэмжээг нээж үг хэлсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь гэдэг нэртэй төсөл агуулгын хувьд ч, олон улсын байгууллагуудтай хамтарсан анхны төсөл гэдгээрээ ч онцлог. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах замаар эдийн засгийн хувьд идэвхтэй эд эс болоход нь түлхэц үзүүлэн цочролд өртлөө гэхэд халамжаар тэтгэгдээд байх бус бэлэн байдлаа хангасан байхад сургах нь төслийн зорилго юм. 

Сүүлийн жил гаруй хугацаанд хөдөлмөрч, тууштай иргэдтэй Завхан аймагт амжилттай хэрэгжсэн төсөл цаашид улс орон даяар хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Мал аж ахуй дагасан үйлдвэрлэлийг улс орон даяар хөгжүүлж, малчин хүн бол бизнес эрхлэгч гэдгийг харуулах цаг үед бид ирээд байна” хэмээв. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Ковид -19 халдвараас үүдэлтэйгээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа энэ үед ганцхан ХАА салбарт л өсөлт гарлаа. Энэ нь МАА-н салбарт дэмжлэг үзүүлэх замаар малчдын санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй болохыг болохыг харууллаа.

НҮБ-ын ХХААБ нь нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хурдасгах, аливаа эрсдэл гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Бид хүнсний тогтолцоо, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээнд шууд нөлөөлөх ажлуудыг зохион байгуулан ажилладаг. 

Хамтарсан төслийн хүрээнд аливаа эрсдэлийг даван туулах чадвар,  малчдад малын “шилэн” сонголт,  тохируулан сонголт, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийн талаарх мэдлэгийг олгох болсон. Үр дүнд нь илүү ашиг шимтэй, бүтээмж өндөртэй цөөн малаас чанартай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж малчдын орлого нэмэгдэх бөгөөд цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгаль орчиндоо ээлтэй байх юм” хэмээн онцлон ярилаа.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн дэмжлэгтэйгээр, Завхан аймгийн байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон үржлийн шилмэлүүлдэр, омгийн малыг үзэсгэлэн худалдаагаар танилцууллаа. Ингэснээр малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлэн улмаар малчдын амьжиргааг дээшлүүлж аливаа байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулахад чадварыг нэмэгдүүлэхэд дэм болох юм. 

Түүнчлэн үзэсгэлэн  худалдаанд дотоодын ноос, ноолуур, арьс шир үйлдвэрлэгч Говь, Дархан нэхий, Монгол ноос, Эрдэнэт хивс, Монгол текстиль компаниуд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн болон түүхий эдийн чанар, шаардлага, стандартын талаар 200 гаруй малчин, зочид, төлөөлөгчдөд танилцуулав. Дотоодын үйлвэрлэгчид өөрсдийн түүхий эдийн чанарын шаардлагыг танилцуулснаар малчид зах зээлд ойр болоход нэг алхам ойртож байгаа юм. Мөн Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэд, малчдад нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хүргэж, танилцуулах сургалт зохион байгуулж байна.

Энэхүү танилцуулах сургалтын үеэр Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдахад нь дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулахаас гадна нийгмийн даатгалын гар утасны аппликэйшн ашиглах аргачлал заавар өгч ажиллах юм.

Дэлхийн дулаарад, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед малчид  тоо биш чанарт анхаарах, цөөн тооны чанартай малыг эдийн засгийн эргэлтэд оруулан байгаль орчин, бэлчээрээ хамгаалж, цочролд бэлэн дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх нь нэн чухал ач холбогдолтой.