Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургалтын байгууллагууд нэг анги завсарлаад нөгөө анги орох хооронд бүх цэвэрлэгээг хийсэн байх хэрэгтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр оролцож мэдээлэл өглөө.

Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний таван баг Франкфурт, Сөүл, Токио, Хонг Конг чиглэлийн нислэг болон ХБНГУ-ын чиглэлээр ирсэн 1,405 иргэнээ хүлээн авч, эд зүйлсэд нь ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

"Халдвар хамгааллын дэглэмтэйгээр сургуулийнхаа үйл ажиллагааг нээсэн 72 улс байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Б.Амгаланбаяр "Бидний авсан мэдээллээр дэлхий дахинд хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмтэйгээр боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн 72 улс, орон байна. Үүний дотор Монгол Улс багтаж байна.

Өнгөрсөн хугацаанд дотооддоо халдвар тархаалгүй барьж, өнөөдөр боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимоор шилжүүлж гэж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм. Цаашид ч иргэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зөвлөгөөг дагах нь нэн чухал.

Ирэх долоо хоногоос зөвхөн сургууль, цэцэрлэг гэлтгүй үзвэр үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхлэх тул бүгд коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн энгийн зөвлөмж болох хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах, амны хаалт зүүлгэх дэглэмийг сайтар баримтлан ажиллах хэрэгтэй.

Дээрх дэглэмээс гадна, орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт гэдэг зөвхөн коронавируст халдвар төдийгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэхэд зайлшгүй мөрдөх ёстой зүйл. Үүнийг ч өнгөрсөн есөн сарын хугацаанд дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Тиймээс байгууллагууд халдваргүйжүүлэлт маш сайн хийх ёстойг анхааруулж байна.

Гэхдээ халдваргүйжүүлэлтийн бодис нь өөрөө химийн хортой учир ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага халдваргүйжүүлэх бодисыг хэрхэн хэрэглэх тал дээр анхаарч ажиллахыг хүсье" гэв.

"Сэжигтэй тохиолдлыг бүртгэх, тандах, яаралтай мэдээлэх зэрэг бүх арга хэмжээг хангах ёстойг сануулъя"

Үргэлжлүүлэн "Хүүхдийн тоглоом, аяга тавгийг хүний биед хор нөлөөгүй содын уусмалаар халдваргүйжүүлэх нь зөв. Сургалтын байгууллагууд нэг анги завсарлаад нөгөө анги орох хооронд бүх цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн байх хэрэгтэй. 

Ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад тухайн байгууллагын удирдлагуудын авах арга хэмжээ маш чухал. Байгууллагууд томуу, томуу төст өвчин, коронавирусийн сэжигтэй тохиолдлыг бүртгэх, тандах, яаралтай мэдээлэх зэрэг бүх арга хэмжээг авах, бэлэн байдлыг ханган ажиллах ёстойг сануулъя” хэмээн онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/662338804692320

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.