Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дууссан гэж дүгнэжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
2018 он, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб, Монголбанкны төлөөлөл нарын ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнгийн талаар ХБХ, Гэрэл зургийг MPA.mn

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна.

Энэхүү тайланд Монголд 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусаж чадаагүй талаар дурджээ.

Тодруулбал тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна.  Монгол Улс 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй юм.

Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болжээ” гэсэн байна.

Банкны салбартай холбоотой хэсэгт “Монгол Улсын банкны системийн дийлэнх нь хөрөнгө оруулалтгүй хэвээр байгаа бол арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд хэд хэд байна. Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа зарим тохиолдолд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үнэн зөв гэсэн ойлголтыг бий болгосон банкууд болон тэдгээрийн балансыг сайтар нягтлах шаардлагатай.

Монгол Улс 2019 онд FATF-ийн саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болгосон” гэжээ.

АНУ-ын Элчин сайдын яамнаас боловсруулсан тайлантай бүрэн эхээр нь ЭНД дарж танилцах боломжтой.