Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрдэмтэд 6G сүлжээний хөгжлийг хурдасгах чип зохион бүтээснийг мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын ерөнхийлөгчийн дижитал технологийн асуудал хариуцсан төлөөлөгч Дмитрий Песков

Оросын хэсэг эрдэмтэд зургаадугаар үеийн харилцаа холбооны технологийн хөгжилд том түлхэц болохуйц чипийг зохион бүтээсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн дижитал технологи хариуцсан төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгджээ.

“Хаана байгааг нь одоогоор хэлэх боломжгүй Оросын нэг лабораторид 6G технологийн хөгжилд эргэлт гаргах цоо шинэ чип саяхан зохион бүтээлээ. Өөрөөр хэлбэл 6G бодитой зүйл болох цаг ойртлоо” гэж Песков ТАСС агентлагт ярьсан байна.

Яригдаж байгаа лаборатори нь батлан хамгаалах чиглэлийн биш, иргэний зориулалттайг тэр бас нэмж хэлжээ.

6G сүлжээнд асар өндөр хурдтай мэдээлэл солилцдог байх тул хэрэглэгчийг тойрсон бааз станцуудын тоо өнөөдрийнхөөс илүү олон байх шаардлагатай. Уг асуудлыг шийдсэн нь дээрх нээлтийн ач холбогдол гэж Песков тайлбарласан байна.

ТАСС мэдээллийн агентлаг өчигдөр буюу Пүрэв гарагт 2035 он хүртлэх дэлхийн улс төр, нийгэм, технологийн хөгжлийн талаар онлайн хэлэлцүүлгийг судлаачид, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулах үеэр дээрх мэдээллийг өгчээ.

 

Эх сурвалж: ТАСС