Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын засгийн газар Apple Watch-ийн хэрэглэгчдийг бэлэн мөнгөөр урамшуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Сингапурын засгийн газар Apple компанийн ухаалаг бугуйн цагийг ашиглан эрүүлийг хамгаалах системд бүртгүүлсэн иргэдээ бэлэн мөнгөөр урамшуулах хөтөлбөр зарлажээ.

Энэхүү төхөөрөмжинд суулгасан аппликэйшн нь эзнээ тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд уриалдагаас гадна Сингапурын эрүүлийг хамгаалах системд бүртгүүлж, үзлэг, вакцинжуулалтын хуваарийг нь сануулдаг юм байна.

Ингэж бүртгүүлсэн иргэн засгийн газраасаа 380 сингапур долларын ($280) нэг удаагийн урамшуулал авах гэнэ.

Дэлхийд анхны улс оронтой ийм төрлийн хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан Apple компанийн мэдэгдэлд “Сингапур бол дэлхийд тэргүүлэх эрүүл мэндийн системтэй орон. Бид энэ системийн нэг хэсэг болон хамтарч байгаадаа баяртай байна” гэжээ.

Энэ долоо хоногт тус компани Apple Watch бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан.

Саяхан бас Сингапур хот улсад тус компани гурав дахь дэлгүүрээ нээсэн нь усан дээр хөвдөг, бөмбөрцөг хэлбэрийн өвөрмөц дизайнтай байгууламж болсон юм.

 

Эх сурвалж: CNN