Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн баян чинээлэг орнууд удахгүй бэлэн болох Covid-19 вакцины талаас илүү хувийг авахаар захиалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүн амын бага хувийг эзэлдэг өндөр хөгжилтэй улс орнууд удахгүй бэлэн болох Covid-19 вакцины талаас илүү хувийг түрүүлж авахаар захиалаад байгааг Oxfam хүмүүнлэгийн байгууллага мэдээлжээ.

Өнөөдөр дэлхий даяар 30 сая шахуу хүн коронавирусийн халдвар авснаас 935,000 орчим нь нас бараад байна.

Вакцин бүтээхээр ажиллаж буй таван компани одоогоор сүүлчийн шатны туршилтаа эхлээд байгаа. Тэд нийлээд 5.9 тэрбум тун вакциныг эхний ээлжинд нийлүүлж чадах юм.

Энэ нь ойролцоогоор гурван тэрбум хүнийг вакцинжуулах нөөц.

Гэтэл дэлхийн хүн амын 13 хувийг бүрдүүлдэг АНУ, Британи, Европын Холбоо, Австрали, Япон, Швейцарь, Израйль зэрэг улсууд энэ нөөцийн 51 хувийг авахаар урьдчилж захиалжээ.

Үлдсэн 2.6 тэрбум тунг Энэтхэг, Хятад, Бангладеш, Бразил, Мексик тэргүүтэй улс орнууд авахаар төлөвлөж байна.

Тиймээс улс орнууд аминч үзэл гаргалгүй вакцины нөөцөө ижил тэнцүү хуваахыг Oxfam America байгууллагын тэргүүн Роберт Силверман уриалжээ.

“Амин чухал вакциныг олж авах боломж хаана амьдардаг, хэр их мөнгөтэйгээс үл хамааран бүгдэд ижил тэгш оногдох ёстой” гэж тэр мэдэгдсэн байна.

Европын Холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен вакцины тэгш хүртээмжийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ тал дээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Бүгдээрээ аюулаас хамгаалагдах хүртэл хэн ч аюулгүй байдлаа хангаж чадахгүй. Вакцины үндсэрхэг үзэл олон хүний амь насанд аюул учруулж байна” гэж мэдэгдсэн юм.

Харин “Америк нэгдүгээрт” сонгуулийн уриатай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулиас өмнө иргэдээ вакцинжуулж эхлэхээр яаравчилж байна.

 

Эх сурвалж: AFP