Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон далай тэнгист Хятадын флотоос илүүрхэх шинэ төлөвлөгөө боловсруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Пентагоны тэргүүн Марк Эспер өчигдөр АНУ-ын тэнгисийн флотыг хүчирхэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Үүний гол зорилго нь Номхон далайн бүс нутагт Хятад улсын тэнгисийн хүчин чадлыг давах юм байна. Төлөвлөгөөний хүрээнд Нэгдсэн Улсын арми одоогийн 293 хөлөгтэй флотоо 355 хөлөгтэй болгож өргөжүүлэхээр тооцоолжээ.

Үүний тулд өнөөдрөөс 2045 он хүртэл хугацаанд олон арван тэрбумын хөрөнгө зарцуулахаар болсон байна. “Манай ирээдүйн флот агаараас, уснаас, усан дороос цохилт өгөх жигд хүчин чадалтай байх болно” гэж Rand Corp бодлогын хүрээлэнд болсон арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ Эспер танилцуулжээ.

Энэ сарын эхээр Пентагоны гаргасан тайланд Хятадын Ардын Чөлөөлөх Арми нийт 350 хөлөг, шумбагч онгоцтой, дэлхийн хамгийн том тэнгисийн флот болсныг мэдээлж байв.

Хэдийгээр шинэчлэлийн дараа АНУ-ын хөлгийн тоо Хятад улсынхтай нэг түвшинд очих ч орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар хүчин чадал, багтаамжийн хувьд илүү гарах боломжтойг Эспер онцолжээ.

Тухайлбал хүний оролцоогүй робот жолоодлоготой хөлгүүд, нарийн тусгалтай, ухаалаг зэвсгүүд нь энэ ялгааг бий болгох гэнэ.

Эспер энэ талаар “Бид шинээр хөлөг үйлдвэрлэхээ зогсоосон ч манай хүчин чадлыг гүйцэхэд Хятад улсад олон жилийн хугацаа шаардлагатай болно” гэж тайлбарлажээ.

Хятад улсыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том дайсан гэж нэрлэсэн Марк Эспер ирээдүйд Номхон далайн бүс нутгийг өрсөлдөөний гол талбар болно гэсэн юм.

“Энэ бүс нутаг нь дэлхийн худалдааны гол зангилаа төдийгүй Хятадтай өрсөлдөх гол талбар байх тул бидний хувьд өндөр ач холбогдолтой” гэж тэр хэлсэн байна. 

 

Эх сурвалж: AFP