Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Викингүүд бүгд шаргал үстэй байгаагүйг эрдэмтэд тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шаргал үстэй Викинг дайчид тэнгис далайг гаталж, Европ тивийн улс үндэстнүүд рүү уулгалан довтолж байсныг ном зохиол, кинонуудад харуулдаг.

Тэгвэл генетикийн томоохон судалгаа хийсэн Британи, Данийн эрдэмтэд Викингүүд дотор хар үстэй, өөр гарал угсаатай хүмүүс олон байсныг тогтоожээ.

Орчин үеийн ДНХ технологийг ашиглаж, зургаан жил үргэлжилсэн судалгааны тайлан Лхагва гарагийн “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Уг судалгааны хүрээнд эрдэмтэд Скандинав, Гринланд, Их Британийн нутгаас олдсон 400 гаруй викингийн булшнаас олдсон араг ясыг шинжилжээ.

Ингэхэд тэдний генд Ази, Өмнөд Европоос гаралтай хүмүүсийн хольц нэлээд хэмжээгээр илэрсэн байна.

“Манай судалгааны үр дүнд Викингүүд гэж ямар хүмүүс байсан талаар ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байна. Түүхийн сурах бичгүүдээ өөрчлөх цаг болжээ” гэж Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Эске Уиллерслев ярьжээ.

Үүнээс гадна Скандинавын хойгт амьдарч байсан викингүүд хэд хэдэн бүлэгт хуваагддаг, тэдгээр нь хоорондоо төдийлөн холилдоогүй байсныг тогтоосон байна.

Генетикийн шинэ мэдээлэл нь Викингийн эрин үе болон түүний дараа Скандинавын хүн амын гадаад харагдах байдалд ямар өөрчлөлт гарсныг тогтооход чухал ач холбогдолтой гэж Данийн их сургуулийн профессор Фернандо Расимо үзэж байна.

Дундад зууны 800-аас 1050 оны хугацааг Викингийн эрин үе гэж түүхэнд тэмдэглэдэг. Тэд далайгаар аялж, Европын өнцөг булан бүрт хүрэхдээ зөвхөн дайн тулаан хийдэггүй, бас худалдаа наймаа эрхэлдэг байжээ.

Викингүүдийн ген өнөөдрийн Британичуудын генийн 6 хувьд, Шведүүдийн 10 хувьд хадгалагддаг байна.

 

Эх сурвалж: CNN