Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тусгаарлагдаагүйн учир юу вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлаад буцлаа.

Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын үед хийгдэж буй айлчлал халдвар хамгааллын маш өндөр зохион байгуулалт дор болсныг албаныхан хэлж байна.

Айлчлалын арга хэмжээнд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлах тухай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өгч байв.

Энэ дагуу Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалын арга хэмжээнд оролцсон тус яамныхан өчигдөр тусгаарлалтад оржээ. 

Тэрбээр энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Ингэхдээ тусгаарлах байрнаасаа явах бөгөөд ирээд 21 хоног тусгаарлагдах юм байна.

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгаарлалтад ороогүй байна.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс өгсөн мэдээллээр БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзалт зайнаас, халдвар хамгааллын өндөр түвшинд болсон. Хоёр талын хүмүүс шинжилгээнд хамрагдсан учир тусгаарлагдаагүй байна.

Тэрбээр өнөөдөр арьс, шир боловсруулах паркийн бүтээн байгуулалттай танилцаж, тариалангийн бүс нутаг Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа аж.

 

Ерөнхийлөгч тусгаарлагдаагүй тухайд "Халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, талууд гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт болсон. Гар бариагүй болно" гэсэн тайлбарыг эх сурвалж өглөө.

Айлчлалын үеэр яригдсан хандив, тусламж

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг сайд Ван И-тэй уулзах үеэрээ хэлсэн байна.

Айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ярьж байсан юм.

БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж олгосон тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Айлчлалын үр дүн

  • “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө
  • Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгуулав.

Айлчлалын үеэр Монгол, Хятад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагаанд гарч буй бодит ахицыг улам бататгах чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулж, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомтыг нээхээр болсон юм.

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын үеэр "Айлчлалын хүрээнд талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон талаар тохиролцоонд хүрсэн.

Хоёр тал бие, биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" хэмээн мэдэгдэв.