Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улс Азийн зургаан хотын чиглэлд агаарын тээврээ сэргээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас хаагдаад байсан агаарын хилээ нээж, Азийн зургаан хот руу нислэгээ сэргээхээр болжээ.

Хятадын Гуанжоу, Өмнөд Солонгосын Сөүл, Япон Токио, Тайваний Тайпэй хотууд руу энэ долоо хоногоос эхлэн нислэгээ сэргээж байгаа бол ирэх долоо хоногоос Камбожийн Пномпэн, Лаосын Вентьян хотууд руу агаарын замаа нээхээр болсон байна.

Дээрх зургаан хотууд руу долоо хоногт хоёр удаагийн нислэг үйлдэх ба Вьетнамын иргэд болон гадаадын бизнес аялагчид, оюутнуудад үйлчлэх ажээ.

Бүх аялагчид онгоцонд суухаасаа өмнө болон газардсаныхаа дараа хоёр удаа коронавирусийн шинжилгээ өгөх юм байна. Вьетнамд 14 хүртэл хоногийн хугацаагаар саатах хүмүүсийг тусгаарлахгүй ба амны хаалт зүүх, хүмүүстэй гар барихгүй байх шаардлага тавих гэнэ.

Бусад аялагчид 14 хоног тусгаарлагдах боловч хоёр дахь шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс илүү богино хугацаагаар буюу 5 хоног тусгаарлагдахаар болжээ.

Гэхдээ бүх аялагчид тусгаарлалтын болон шинжилгээний зардлаа бүрэн хариуцахаар зохицуулсан байна.

Вьетнам улс нь цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын нэгд тооцогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд тус улсад халдварын 1,063 тохиолдол бүртгэгдэж, 35 хүн нас барсан юм.

Сүүлийн 14 хоногийн турш дотоодод дамжсан халдварын тохиолдол илрээгүй байна.

Гэхдээ цар тахал Вьетнамын эдийн засагт хүнд цохилт болсон юм. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээгээр удааширч, энэ онд 2-2.5 хувь өсөхөөр байна.

 

Эх сурвалж: South China Morning Post