Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп эрүүл мэндийн гол мэргэжилтэнтэйгээ амны хаалт, вакцины асуудлаар санал зөрөлдөв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хоёр асуудлаар эрүүл мэндийн гол мэргэжилтэнтэйгээ санал зөрөлдөж байгааг олон нийтэд мэдэгджээ.

Тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Роберт Рэдфилд  өчигдөр өглөө сенатын төсвийн байнгын хороонд цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Ингэхдээ тэр амны хаалт зүүх нь вирусээс хамгаалах шилдэг арга болохыг хэлж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтад ихэнх Америкчууд ирэх оны зун, намраас өмнө хамрагдаж чадахгүй гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ.

“Хэрвээ вакцин дархлаа үүсгэж чадахгүй байвал амны хаалт зүүх нь илүү найдвартай арга” гэж Рэдфилд ярьсан байна.

 

Харин Лхагва гарагийн үдээс хойш Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзсан Трамп түүний өгсөн мэдээллийг няцааж, сенатад хэлсэн үгэндээ тайлбар хийхийг уриалжээ.

“Амны хаалт бол вакцин шиг чухал ач холбогдолтой эд биш. Тэр алдаатай зүйл ярьсан байна” гэж Трамп сэтгүүлчдэд хэлсэн юм.

Вакцинжуулалт эхлэх хугацааны талаар Рэдфилдийн өгсөн мэдээллийг Трамп бас үгүйсгэжээ. “Тэр худлаа мэдээлэл өгч байна. Вакцинжуулалт хамаагүй богино хугацаанд хэрэгжих боломжтой” гэж тэр хэлсэн байна.

Рэдфилд сенатад тайлбарлахдаа эхний вакцин бэлэн болсноос хойш 6-9 сарын дараа бүх нийтээрээ вакцинжуулалтад хамрагдах боломжтой гэжээ.

Харин Трамп түүний засаг захиргаа энэ оны сүүлч гэхэд 100 сая тун вакциныг Америк даяар түгээж, эмзэг бүлгийнхнийг хамруулсан байх ба хүн амын үлдсэн хэсгийг шинэ оноос эхлэн вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг хэлсэн байна.

 

Эх сурвалж: Politico