Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Ханиад томуутай эсвэл халуурсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдийг цэцэрлэг хүлээж авахгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирусийн нөхцөл байдлын улмаас хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг хойшлуулаад байсан.

Уг шийдвэрийг энэ сарын 14-ний өдөр УОК, Засгийн газрын хуралдаанаар өөрчилж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хоёр настнууд Даваа гарагаас цэцэрлэгтээ явах боломжтой болсон. Бүртгэл нь хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, ЕБС-ийг үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх тогтоолыг баталлаа.

Энэ хүрээнд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хоёр настай хүүхдүүд маань хувийн болон төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломж үүсэж байгаа.

Харин цэцэрлэгүүдийн хувьд, хоёр настай хүүхдүүдийг бүртгэх ажлыг энэ долоо хоногт зохион байгуулах чиглэл орон нутгийн Боловсролын газруудад өгөгдсөн.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хүрээнд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хэрхэн зохион байгуулах чиглэлийг аймаг, нийслэлийн боловсролын газар цэцэрлэгүүдэд өгөөд яг хүүхдээ бүртгэх, хүлээж авах ажлаа цэцэрлэгүүдийн эрхлэгч нар зохион байгуулдаг.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүртгэлийг энэ долоо хоногт багтаан зохион байгуулж, энэ сарын 21-нээс хүүхдүүдээ хүлээж авах чиглэлийг өгөөд байна.

-Хоёр настай 80 мянга гаруй хүүхэд байгаа гэсэн. Тэдгээр хүүхдээс хэд нь улсын цэцэрлэгт хамрагдах боломжтой вэ?

-Өнөөдрийн байдлаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахад өндөржүүлсэн бэлэн байдлын үед баримтлах түр журам хэрэгжиж байна. Журмаар нэг бүлэгт байх хүүхдийн тоо болон хоорондын зай зэргийг тодорхой зохицуулсан.

Энэ хүрээнд бид дараа жил Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах чиглэлийг өгсөн.

Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өмнөх онд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан, таван настай 13,000 орчим хүүхдийг авахаар зохион байгуулж байна.

Гэхдээ шилжих хөдөлгөөн зэрэг тодорхой шалтгааны улмаас цэцэрлэгт элсэж чадаагүй таван настнууд бий. Тэр хүүхдүүдээ мөн бүрэн гүйцэд цэцэрлэгт хамруулах ажлыг үргэлжлүүлнэ.

Энэ утгаараа цэцэрлэгүүд хоёр настай хэдэн хүүхэд хүлээж авах нь анги танхимын хэмжээ, тухайн цэцэрлэгийн гадна байгаа хоёр настай хүүхдүүдийн тоо зэрэг маш олон зүйлээс шалтгаална

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгүүд анги танхимын бололцоо нөхцөл байдлаа үнэлэн хоёр настай хэдэн хүүхэд хүлээж авах зохицуулалтаа өөрсдөө гаргаад явна.

-Тэгвэл хоёр настнууд бүгд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж чадах болов уу. Хүүхэд харах үйлчилгээ явуулах эрхтэй хэчнээн төв байгаа вэ. Шаардлагаа хэрхэн тавьж, зөвшөөрөл олгож байна вэ?

- Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам болон УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу БШУЯ-наас тодорхой зохицуулалт хийсэн.

Хэдийгээр өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа ч улирлын ханиад томуугийн дэгдэлт эхэлж байна.

Улсын хэмжээнд ханиад томуугаар өвчилсөн нийт хүний 70 хувийг 0-4 насныхан эзэлж байна. Хоёр настай хүүхдүүдтэй холбоотой шийдвэр, хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал.

БШУЯ-наас баримталж буй гол зарчим бол яг хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн хүүхэд харах үйлчилгээнд л хоёр настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж байгаа.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүд холбогдох мэргэжлийн хяналт болон орон нутаг дахь хүүхдийн эрхийн байцаагч гээд хүүхдийн байгууллагын албаныхан хоёр настай хүүхдийг хүлээж авах орчноо бэлдчихсэн Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Энэ хүрээнд зөвхөн хүүхдийн аюулгүй байдлыг хангасан Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд л хоёр настай хүүхдийг харах эрхийг нь өгнө. Тоон мэдээлэл Баасан гарагт эцэслэн гарна.

Бид хүүхэд харах төв ажиллуулж, хэдэн хүүхдийг хамруулах уу гэхээс илүү хүүхдийн аюулгүй байдлаа нэгдүгээрт тавина. 

-Цэцэрлэгүүд хоёр настнуудыг хүлээж авахад бэлэн үү?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотойгоор бид 3-5 настай хүүхдүүдэд бүртгэж авсан.

Цэцэрлэгүүд үлдсэн хугацаанд хоёр настнуудын анги танхимыг бэлдэж, ирэх Даваа гарагт хүлээж авах боломжтой.

Гол нь цэцэрлэг дээр ханиад томуутай эсвэл халуурсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдийг огт хүлээж авахгүй байхаар зохицуулсан.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, амны хаалт зүүлгэж дулаан хувцаслаж, дархлааг нь дэмжих хэрэгтэй.

-Хүүхэд харах үйлчилгээний төвүүд энэ жил есдүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлэх байсан гэж ойлгосон. Ирэх долоо хоногоос эхлэхээр болсон уу?

-Өмнө бид хүүхэд харах үйлчилгээг есдүгээр сарын дундуур эхлүүлнэ гэж мэдээлж байсан.

Харин Хүүхэд харах үйлчилгээний төвүүд маань ариутгал үйлчилгээгээ хийлгэж, хүүхдүүдээ хүлээж авах орчноо бүрдүүлээд есдүгээр 21-нээс эхлэн жигд ажиллах боломжтой гэсэн шийдвэр гарсан.

Үндсэндээ, хүүхэд харах үйлчилгээ, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил зэрэг эхэлнэ.

-Хүүхэд харах үйлчилгээний төлбөр хэд байх вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ нь эцэг, эх болон хүүхэд харагч хоёрын хоорондын гэрээний үндсэн дээр зохицуулагддаг. 

Хамгийн гол нь бид Засгийн газрын тогтоолоор нэг хүүхдээс авах зардлын хэмжээг 60 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хувьсах зардал, хоолны зардлын нийлбэр дунджаар 90 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар зохицуулагдсан. Түүнээс гадна хүүхдээ илүү уртасгасан цагаар харуулах бол хэдэн төгрөг нэмэгдэхийг гэрээгээрээ зохицуулна.