Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Dream зочид буудлын хоол үйлдвэрлэл одоогоор хэвийн явагдаж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлогын сэжигтэйгээр тусгаарлагдан, эмчлэгдэж байгааг МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

"Гадаа хүйтэн байгаатай холбоотойгоор зарим хоол хүйтэн ирж байсныг иргэд хэлж байжээ"

Тэрбээр “Есдүгээр сарын 14-ний өдрийн 22:50 цагт ХӨСҮТ-өөс Мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Dream зочид буудалд тусгаарлагдаж байсан хүмүүсийн дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн.

Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн өдрийн 23:00 цагаас эхлэн Dream зочид буудалд хяналт, шалгалт хийж байна.

Зочид буудлын тухайд, Дрийм зочид буудал нь энэ оны гуравдугаар сараас эхлэн тусгаарлан ажиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсийг тусгаарлахаас өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван удаа хяналт шалгалт хийсэн байдаг.

Мөн Dream 1, Dream 2 гэсэн хоёр хэсгээс бүтдэг бөгөөд нийт 71 өрөөтэй 132 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг. Хоол үйлдвэрлэлийн хэсэг нь Dream-2 зочид буудалдаа байрладаг юм.

Гэхдээ тухайн өдөр тусгаарлагдаж байсан иргэдээс халаалт ирээгүй, гадаа хүйтэн байгаатай холбоотой зарим хоол өмнөхөөсөө хүйтэн ирж байгааг мэдээлсэн байсан.

Гал тогоонд нь гурван тогооч ажилладаг бөгөөд хоол үйлдвэрлэлийн технологийн карт, хоногт авбал зохих амин дэмийн хэмжээг тооцож үйлдвэрлэл явуулдаг" хэмээн ярив.

"Хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний өмнөх өдөр 56 хүн эргэлт авсан"

Үргэлжлүүлэн "Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 хүн тус буудалд тусгаарлагдсан. Тэдгээр хүмүүсээс 56 иргэн есдүгээр сарын 13-ны өдөр буюу хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний өмнөх өдөр ар гэрээсээ эргэлт авсан гэх мэдээлэл байна.

Дрийм зочид буудлын хоёр байранд нийт 17 ажилтан, алба хаагч ажилладаг. Тэд тусгаарлагдаж буй хүмүүстэйгээ ижил хоол хүнс идэж байгаа ч тэдэнд хоолны хордлогын шинж тэмдэг илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлогын сэжигтэй байдлаар тусгаарлагдан, эмчлэгдэж байна. Одоогоор биеийн байдал нь хүндэрсэн хүн байхгүй.

Бид ундны уснаас нян судлалын шинжилгээ авсан. Мөн гал тогоо орчмын хоол үйлдвэрлэлийн орчноос 20 арчдас, хоол хүнсэнд хэрэглэсэн байж болох 15 нэр төрлийн бүтээгдэхүүнээс шинжилгээ авч лабораторид шинжилж байна.

Түүнээс гадна, журмын дагуу тус зочид буудал энэ сарын 13, 14-ний өдөр бэлтгэсэн хоолны дээжийг хадгалж байсанд нь шинжилгээ хийж байна. 

Бид хоол үйлдвэрлэлийн хэсэгт ариутгал хийлгэсэн учир одоогоор тухай тусгаарлах байрны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хяналт шалгалт үргэлжилж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/241942473861127