Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөхөд эсрэг биет сайн тогтсон хариу гарсан тухай бидэнд мэдэгдсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү олон нийтийн сүлжээнд тарсан ташаа мэдээлэлд тайлбар өглөө.

(Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ хийлгэхэд COVID-19 огт тусаагүй байсан) гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм.

Д.Нямхүү хэлэхдээ “Олон нийтийн сүлжээгээр коронавирусийн улмаас манай улсад эмчлэгдээд буцсан Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд биеэс нь эсрэг биет илрээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Худал мэдээлэл хамгийн хортой зүйл.

Дээрх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор бид Франц иргэнтэй холбогдож тодруулсан. Тэр нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ түүний биед коронавирусийн эсрэг биет буюу дархлаа сайн тогтсон байна гэж Францын лаборатори хариу өгсөн тухай бидэнд мэдэгдсэн.

Энэ нь сайн эмчлэгдсэн гэсэн үг бөгөөд 78 хувийн эсрэг биет үүссэн байгааг нотлох шинжилгээний бичгийн зургийг бидэнд илгээсэн.

Франц иргэн энэ завшааныг ашиглан өөрийг нь эмчилсэн эмч нар болон Монголын Засгийн газарт дахин баярлаж, талархдагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн.

Тэр ер нь үргэлж бидэнтэй цахимаар болон утсаар холбогдож өөрийн биеийн байдлын талаар хэлж, эмчилсэн хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлдэг.

Дэлхий дахин коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ийм онцгой үед ташаа мэдээлэл тарааж байгаа нь маш бусармаг үйлдэл.

Манай улс коронавируст халдварын нийт тохиолдлынхоо 96.8 хувийг эмчилсэн гэдэг бол дэлхийд дээгүүр яригдах үзүүлэлт.

Ташаа мэдээлэл Франц иргэн болон түүнийг эмчилсэн эмч нарын маань ч сэтгэл санаанд нөлөөлж, эвгүй байдалд оруулж байгаа. Франц иргэн баярлаж талархсанаа илэрхийлээд явсан байтал араас нь ингэж өөрөөр ярьж байгаад харамсалтай байгаагаа гэж хэлж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/241942473861127

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.