Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбат: Диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, арга хэмжээ хийхийг хязгаарласан байсан захирамжийг хүчингүй болгож байгаа талаар холбогдох албанаас мэдээлэл өглөө.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Засгийн газар, УОК-оос Ковид 19-тэй холбогдуулан 2020 оны есдүгээр сарын 14-нд хуралдаж тодорхой шийдвэрийг гаргаж, олон нийтэд мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. 

Цар тахлын үед оны эхний хагас жилд тодорхой хязгаарлалтуудыг хийсэн. Харин зургаадугаар сарын сүүлээр мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн үнэлгээ, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу зарим байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн. Өчигдрийн байдлаар 1,262 ААН, байгууллагын үйл ажиллагааг нээж, 11,000 гаруй ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

Харин өнөөдөр 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А930 дугаар захирамжаар диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, арга хэмжээ хийхийг хязгаарласан байсан заалтыг хүчингүй болголоо.

Диско болон бүжгийн баарны 81 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Засаг даргын 1,111 дүгээр захирамжаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж байна. Халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахих ёстой" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Өнгөрсөн наймдугаар  сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад 44 зөрчил илрүүлж, найман иргэнд 1.5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” гэлээ.

Диско баарны үйл ажиллагааг нээх шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг албаныхан зөвлөлөө.

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/363675501327911/