Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

РОСКОСМОС: Сугар бол Оросын гараг

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр барууны хэсэг эрдэмтэд Сугар гарагийн агаар мандлаас амьд организмаас гаралтай байж болзошгүй фосфин хэмээх хийг илрүүлснээ зарласан билээ.

Энэ мэдээг тарсны дараа АНУ-ын NASA-гийн захирал Жим Брайденштэйн твиттер хуудсандаа Сугар гарагийн судалгаанд анхаарал хандуулахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмос мөн Сугар гарагт хөлөг илгээх төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Тус байгууллагын захирал Дмитрий Рогозин “Сугарыг Оросын гараг гэж бид үздэг тул судалгааг нь анхааралдаа авах болно. 2021-2030 оны Оросын засгийн газрын сансар судлалын төлөвлөгөөнд Сугар гарагт хөлөг илгээх аялал багтаж байгаа” гэж ярьсан байна.

Ингэхдээ АНУ-ын NASA-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

“Сугар гараг дээр станц буулгасан анхны бөгөөд цорын ганц улс манайх. Манай станц тэнд ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэ гарагийг халуун там гэж нэрлэж болно” гэж Рогозин ярьжээ.

Наранд хамгийн ойрхон хоёр дахь гараг бол Сугар бөгөөд дэлхийтэй хөрш, хэмжээ нь ч ойролцоо юм. Сугарын гадаргын температур нь Цельсийн 464 хэм хүрдэг. Агаар мандлынх нь 97 хувийг нүүрстөрөгчийн давхар исэл бүрдүүлдэг байна.

1970 онд Зөвлөлтийн “Венера 7” станц Сугар гарагт амжилттай газардаж, дэлхий рүү мэдээлэл дамжуулж байжээ. Энэ үйл явдал нь хүн төрөлхтөн анх удаа харь гараг дээр буусан тохиолдол болсон байна.

 

Эх сурвалж: Russia Today