Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Apple One, new iPad Air, Apple Watch 6, Apple Watch SE бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Технологийн салбарын томоохон компани Apple өнгөрсөн шөнө “Time Flies” нэртэй арга хэмжээг виртуал хэлбэрээр зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Жил бүрийн есдүгээр сард тус компани шинэ iPhone гар утсаа танилцуулдаг уламжлалтай ч энэ удаа тэгсэнгүй. Коронавирусийн цар тахлын улмаас iPhone-ий үйлдвэрлэл саатсан тул аравдугаар сард зарлахаар хойшлуулсан байна.

Шинэ iPhone-ийг аравдугаар сарын 13, 14-ний аль нэгэнд зарлах төлөвтэй байна.

Харин энэ удаа Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг, Apple Watch ухаалаг бугуйн цагныхаа хоёр шинэ загварыг, бас онлайн үйлчилгээнүүдийг багцалсан Apple One шинэ үйлчилгээг танилцуулжээ.

Эдгээрээс гадна iPadOS 14, iOS 14, WatchOS 7, TVOS 14 үйлдлийн системүүдийн шинэ хувилбаруудаа зах зээлд нэвтрүүлж эхлэх болсныг зарлалаа.

Ингээд Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.

 

Apple Watch Series 6 ба Apple Watch SE

Apple компани ухаалаг бугуйн цагны бүтээгдэхүүндээ хоёр шинэ загвар нэмжээ. Apple Watch Series 6 загвар нь үндсэн бүтээгдэхүүний шинэ хувилбар бол Apple Watch SE нь хямд үнэтэй загвар юм байна.

Series 6 загварт цоо шинээр нэмэгдсэн боломж нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах мэдрэгч юм. iPhone 11 загварт ашигласантай ижил хүчин чадалтай шинэ S6 dual core процессороор тоноглогджээ.

 

Байгалийн гэрэлтэй орчинд дэлгэц нь 2.5 дахин тод харагддагаас гадна байнгын ажиллагаатай altimeter (далайн түвшнээс дээшх өндөр хэмжигч) системтэй болсон байна.

Хөх хөнгөнцагаан, алтлаг болон саарал стэйнлес ган хийцийн өнгө материалын сонголтууд нэмэгдэж, анх удаа “Red” загвар бий болжээ. Ухаалаг бугуйн цагны Solo Loop нэртэй түгжээгүй, сунадаг силикон материалтай оосор долоон өнгөний сонголттой шинээр гарсан байна. Бас Solo Loop-ын сүлжмэл материалтай хувилбар таван өнгөний сонголттой худалдаанд гарахаар болжээ.

Apple Watch Series 6 загвар $399 эхлэх үнэтэйгээр Баасан гарагт худалдаанд гарч байна.

Хямд үнэтэй Apple Watch SE загвар нь Series 6 загварын ихэнх боломжуудыг хадгалсан ч $279 үнэтэй худалдаанд гарах ажээ. Өмнөх Series 5 загвартай адил S5 процессортой, дэлгэц нь үргэлж асаалттай (always-on) байх горимгүй зэрэг нь SE загварын сул талууд юм байна.

Эдгээрээс гадна Apple компани байгаль орчинд ээлтэй байх үүднээс шинэ Apple Watch загваруудын хайрцганд USB  цэнэглэгч кабель дагалдуулахаа больж байгаа гэнэ. Хэрэглэгч хуучин кабелиа ашиглах, эсвэл тусад нь худалдаж авахаар болж байна. Мөн нэг iPhone-оос гэр бүлийнхнийхээ цагнуудыг нэгдсэн байдлаар удирдах Family Setup шинэ боломжийг нэмжээ. Гэхдээ энэ боломж Series 4 загвар болон түүнээс хойшх загваруудын зөвхөн Cellular хувилбаруудад үйлчлэх юм байна.

 

Шинэ iPad Air ба найм дугаар үеийн iPad

Apple компани энэ удаа наймдугаар үеийн iPad загвараа шинэ iPad Air загвартай хамт танилцууллаа.

Шинэ iPad Air загвар нь iPad Pro загвартай адил нүүр нь бүхэлдээ зөвхөн дэлгэцнээс тогтох хийцтэй болжээ. 10.9 инчийн Liquid Retina дэлгэц нь 2360 х 1640 цэгийн нарийвчлалтай. Touch ID товчийг нүүрнээс шилжүүлж, ирмэг дээр байдаг Sleep/Wake товчтой нэгтгэсэн байна. 5 nm A14 Bionic чип нь 6 core CPU, 4 core GPU, 16 core neural engine процессоруудыг багтаажээ.

 

Арын камер нь iPad Pro загвартай адил 12 мегапиксель бол нүүрний камер нь 7 мегапиксель FaceTime HD камер юм байна. 

Шинэ iPad Air нь тэнгэрийн хөх, ногоон, мөнгөлөг, хар саарал, алтлаг таван өнгөний сонголттойгоор ирэх сард худалдаанд гарах ажээ. Эхлэх үнэ нь $599.

 

Наймдугаар үеийн iPad загвар нь өмнөх загваруудтай адил дэлгэцний дээд, доод талдаа өргөн хүрээтэй, Touch ID товчийг нүүрэндээ байрлуулсан байна. Шинэ A12 Bionic чипээр тоноглогдсон энэ бүтээгдэхүүн Баасан гарагаас эхлэн $329 үнээр худалдаалагдах ажээ.

 

Apple One болон Fitness Plus үйлчилгээнүүд

Apple компани сарын хураамжтай онлайн үйлчилгээнүүдээ нэгтгэсэн багцуудыг зах зээлд санал болгож эхэлжээ. “Apple One” нэртэй ийм багцуудын хамгийн хямд нь сарын $14.95 үнэтэй бөгөөд үүнд Apple Music, Apple TV Plus, Apple Arcade үйлчилгээнүүдээс гадна 50GB-ийн iCloud storage багтаж байна.

 

Зургаа хүртэл тооны хүн хамтран ашиглах боломжтой гэр бүлийн “The Family Plan” багц нь сарын $19.95-ийн үнэтэй бөгөөд 200GB-ийн iCloud storage багтаажээ.

“Apple One” үйлчилгээний хамгийн өндөр үнэтэй нь сарын $29.95 хураамжтай “The Premier” багц бөгөөд үүнд Apple News Plus, Fitness Plus, 2TB iCloud storage үйлчилгээнүүд багтсан байна. Энэ багцыг мөн зургаа хүртэл тооны хүн хувааж ашиглах боломжтой гэнэ.

Fitness Plus нь iPhone, iPad, Apple TV, Apple Watch төхөөрөмжүүдтэй нийцтэй ажилладаг эрүүл мэндийн цоо шинэ үйлчилгээ юм байна. Йога, дугуй, бүжиг зэрэг 10 төрлийн дасгалтай энэ үйлчилгээнд цаашдаа долоо хоног бүр шинэ дасгалууд нэмэгдэх гэнэ.

 

Fitness Plus үйлчилгээ энэ оны сүүлээр сарын $9.99 хураамжтай зах зээлд гарах ажээ. Бүтэн жилээр нь ашиглах сонголт хийвэл жилийн $79.99 хураамжтай гэнэ.

 

iOS14, iPadOS14, WatchOS 7 шинэ хувилбарууд

Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 16-наас Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд iOS14, iPadOS14, watchOS7, tvOS 14 зах зээлд нэвтэрч, тус тусын төхөөрөмжүүд дээр татаж суулгах боломжтой болж байна.

Арга хэмжээний товч видео бичлэг:

Эх сурвалж: CNET, The Verge