Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Урлаг сонирхогчдын цангааг тайлахаар нээлтээ хийх гэж буй УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГҮҮД

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Зураач С.Заяасайханы уран бүтээлээс

Дэлхий ертөнцөд эргэлдэж буй асуудлуудын дунд хүн төрөлхтөн бухимдалгүй, стрессгүй амьдарна гэдэг хэцүү.

Гэхдээ энэ зүйлсээ урлагаар дамжуулан эдгээж, тайвшрал авахыг хүссэн хүмүүс сүүлийн үед олширч байгаа нь сайшаалтай.

Мөн цар тахлаас үүдэлтэйгээр хүмүүсийн сэтгэл санаа өөрийн мэдэлгүй хямралд автсан буй энэ цаг үед урлагаар дамжуулан олж авах сэтгэлийн таашаал тус болж магад. Нөгөө талаар урлагийн болон гоо зүйн боловсролоо дээшлүүлэх нь хувь хүний өөртөө оруулж буй хөрөнгө оруулалтуудын нэг юм. 

Иймээс Монголын алдарт зураачдын удахгүй нээлтээ хийх гэж буй уран зургийн үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг  бэлтгэн хүргэж байна. 

НЭГ. СГЗ, шог зураач С.Цогтбаяр нарын харандаагаар зурсан "Харандаан хаан" уран зургийн үзэсгэлэн
 
СГЗ, Шог зураач С.Цогтбаярын харандаагаар зурсан бүтээл

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, Реалист зураач Х.Баяр, шог зураач Б.Бат-Эрдэнэ, Н.Оргил нарын “Харандааны хаан” нэртэй харандаагаар бүтээсэн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийхээр болжээ. Сонирхуулахад тус үзэсгэлэнгийн үеэр Монголын нэртэй шог зураачид үзэгчдээс сонгож хошин зураг зурж, бэлэглэнэ.  

Хэзээ: 2020.09.18-нд буюу Баасан гарагт 17:00 цагт

Хаана: Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн 2 давхарт

ХОЁР. Реалист зураач Х.Баярын “Хос чавхдас” нэртэй бие даасан уран зургийн үзэсгэлэн

Реалист зураач Х.Баярын хоёр жилийн хөдөлмөрийн дүнд харандаа болон тосон будгаар зурсан реалист буюу бодит төрлийн уран зургуудаас бүрдсэн“Хос чавхдас” нэртэй бие даасан уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийхээр болжээ. Харандаа болон тосон будгийн хослолоос бүрдсэн гайхалтай бүтээлүүдээс таашаал авах боломжийг олгож байна. 

Хэзээ: 2020.09.20-нд 14:00 цагт 

Хаана: Соёлын төв өргөөний хойно байрлах Театрын музейд

Уран бүтээлийн нэг хэсгээс... 

ГУРАВ. Зураач С.Заяасайханы “Hidden_identity” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
 

Монголын дүрслэх урлагийн нэгэн тод өнгө гэгддэг зураач С.Заяасайханы урт холын аяллынхаа замд бууж үдлэхдээ үлдээсэн, өнөөгийн нийгмийн өнгө төрхийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаалгах “Hidden_identity” хэмээх уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Зураач С.Заяасайхан нь арлын Японд суурьшиж уран бүтээлээ туурвих болсон тэр дэлхийн 20 гаруй оронд үзэсгэлэнгээ дэлгэсэн, бас Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулж буй цөөн хэдэн уран бүтээлчийн нэг юм. “Hidden_identity” уран зургийн үзэсгэлэн нь нийгэмд асуудал дэвшүүлсэн бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлогтой юм байна. 

Хэзээ: 2020.09.26-нд /нээлттэй дэлгэгдэнэ/

Хаана: Монголын Үндэсний уран зургийн галерей