Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээ хөдлөх хөрөнгө ашиглан авах боломжтой"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн байгууллагуудаас бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл хүсэхэд барьцаа хөрөнгөнд барилга байгууламж буюу үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь томоохон хүндрэл дагуулдаг.

Тэгвэл энэ асуудлыг шийдэж Монгол Улсад Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт /НСС/-ийг хөгжүүлэх замаар бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран хамтран ажиллахаар болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ. 

Хамтран ажиллах төслийн хүрээнд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэх, нөгөө талаар Зээлийн хүүг бууруулах стратегийн заалтын нэг хэсэг болохыг мэдээллийн үеэр онцлов. 

Тодруулбалхамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх замаар ирэх таван жилийн хугацаанд өссөн дүнгээр нийт 200 мянга гаруй бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах аж.  

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт нь бичил, жижиг, дунд бизнес /БЖДБ/ эрхлэгч нарт олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх шинэлэг, үр дүнтэй хэрэгсэл аж. Мөн санхүүгийн байгууллагын зүгээс БЖДБ эрхлэгчдийг дангаар нь авч үзэн зээл төлөх чадварыг нь үнэлэх биш харин тухайн зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, мөн хамтран ажиллаж буй том худалдан авагч эсхүл борлуулагчийн зээл авах боломж, зээлийн зэрэглэлийг ашиглан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох үйл ажиллагаа билээ. 

Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч нар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх илүү урт хугацаатай захиалга, гэрээ байгуулах цаашлаад богино хугацааны эдийн засаг, санхүүгийн гэнэтийн хямрал зэрэгт илүү тэсвэртэй болно хэмээн Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар хэлэв. 

"ХАА-н салбарын бизнесүүд ихэвчлэн улирлын шинж чанартай байдаг тул бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны онцлогт нь тохирсон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай"

Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед БЖДБ эрхлэгчдэд туслах шинэлэг арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал. Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамааралтай. Учир нь энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг аа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ өндөр байдаг юм.

ХАА-н салбарын бизнесүүд ихэвчлэн улирлын шинж чанартай байдаг тул бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны онцлогт нь тохирсон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Энэхүү эрэлт хэрэгцээг нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан тодорхой хэмжээгээр хангах боломж ийнхүү өргөжиж байгаа нь сайн хэрэг” гэв.  

Монгол Улсын Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг Швейцарын засгийн газрын Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэй хэрэгжүүлэх ажээ.

"Зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоолын төслийн хүрээнд МБХ хүлээсэн үүргээ биелүүлэхэд НСС-ийн төсөл үр дүнгээ өгнө"
 
гэрэл зургийг MPA.mn

Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг стратегийн хүрээнд Санхүүгийн зах зээл дээр зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зарим арга хэмжээг Монголын банкны холбоо зохицуулагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн. Энэ үүргээ хэрэгжүүлэхэд ОУСК чухал дэмжлэг үзүүлнэ. НСС-ийг олгогч байгууллагууд нь санхүүгийн бус бусад төрлийн оролцогчид, үйлчилгээний байгууллагуудтай байнга харьцаж ажиллах хэрэгтэй болдог. Иймд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжүүлэлт ийн үр ашигтай зах зээлийг бий болгох, хөгжүүлэхийн тулд өргөн хүрээний нийтлэг ойлголт, оролцогч талуудын хүчин чадал, үйл ажиллагааны дэд бүтэц зэргийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай” гэв.

Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай суурь тогтолцоог ОУСК-иас өмнө нь хэрэгжүүлсэн Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн хүрээнд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг боловсруулж, хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг ашиглалтад оруулсан билээ. 

"Өнгөрсөн хугацаанд 400 гаруй мянган хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг банк, санхүүгийн байгууллагууд олгосон байна"
 
гэрэл зургийг MPA.mn

Төслийн талаар ОУСК-ын Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт нь хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн зах зээлийн гол бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Монгол Улсад Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдан 2017 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Мөн мэдээллийг нь бүртгэх цахим мэдээллийн сан ч байгуулсан. Өнгөрсөн хугацаанд

  • 400 гаруй мянган хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг банк, санхүүгийн байгууллагууд олгосон байна.
  • Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй судалгаа-2018” зээл санхүүжилт авах үзүүлэлт 62-20 дугаар байранд шилжсэн.
  • Ойролцоогоор 8 тэрбум төгрөгийн (3.1 сая ам.доллар ) үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа юм.

Үндсэндээ хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгож болдгийг 2013 оноос эхлэн тайлбарлаж яваа. Харин одоо бол илүү бизнесийн зориулалтаар болгож, бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах боломж олгох байдлаар Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт хэмээх нэртэй хоёр дахь шатны шинэ төслийг хэрэгжүүлж байна. 

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, сүлжээнд гүйцэтгэж буй үүргийг үндэслэн авлага, ирээдүйд орж ирэх орлого, бараа бүтээгдэхүүнийг барьцаалан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл олгоно. 

Мөн хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай гурван гол хүчин зүйл бий. Үүнд, 

  1. Зээлдүүлэгчид, зээлдэгчид, үйлчилгээ үзүүлэгч нар
  2. Салбарын чадавх, зохицуулалт, хяналт
  3. Санхүүгийн салбарын дэд бүтэц байдаг" гэв. 

Тус корпорацаас одоогийн байдлаар банк санхүүгийн байгууллагуудыг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгох аргачлал үйл ажиллагаанд сургах арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй аж. 

"Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг дараах асуудлыг Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт төслийн хүрээнд шийдэх боломжтой"
 
гэрэл зургийг MPA.mn

Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Өмнө нь банк, санхүүгийн салбарынхан голдуу үл хөдлөх хөрөнгөн дээр суурилан зээл олгодог байсан. Дараа нь хөдлөх хөрөнгөн дээр суурилсан санхүүжилт олгодог жишиг сүүлийн жилүүдэд явж ирсэн. Одоо үүнийг дараагийн шатанд гаргах шаардлага  бий. Өөрөөр хэлбэл, гуравдугаар үеийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Европын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаанаас харахад бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг дараах асуудал байна гэж үзсэн.

  • Мөнгөн урсгалын түүх нь тогтмол бус
  • Барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй
  • Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй
  • Зээлийн шаардлага хэтэрхий хүнд

Энэ асуудлуудыг Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт төслийн хүрээнд арилгаж чадна гэж үзэж байна” гэв.