Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын батлан хамгаалахын сайд UFO-той тулгарвал яах тухай заавар өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
АНУ, Япон улсын батлан хамгаалахын сайд нар

Япон улсын батлан хамгаалахын сайд Коно Таро өчигдөр тус улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинд үл танигдах нисдэг биеттэй тулгарвал ямар арга хэмжээ авах заавар өгсөн байна.

Япон улсын агаарын хилийг хамгаалж буй алба хаагчид цаашдаа UFO (Unidentified Flying Object)-той тулгарвал дүрсийг нь камерт буулгаж, нарийвчилсан шинжилгээ хийх ёстой болжээ. Мөн иргэдээс авсан баримт мэдээллийг хянаж шинжлэх ажил үүнд бас багтсан байна.

Коно сайд өмнө нь ярихдаа “Үнэнийг хэлэхэд би UFO-д огт итгэдэггүй” гэж хэлж байсан удаатай.

Өнгөрсөн сард Коно Таро АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспертэй Гуам аралд уулзахдаа шинэ чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Тухайн үед UFO-гийн асуудал яригдсан байж болзошгүй байна. Одоогийн байдлаар Японы зэвсэгт хүчин ийм үзэгдэлтэй ганц ч удаа тулгараагүй байгаа гэнэ.

Харин АНУ-ын агаарын хүчнийхэн хэд хэдэн удаа UFO маягийн үзэгдэлтэй таарч, бичлэгийг нь хийсэн байдаг. Наймдугаар сарын эхээр Пентагон “Unidentified Aerial Phenomena Task Force” нэртэй судалгааны багийг байгуулж, үл танигдах нисдэг биетийн мөрөөр ажиллуулж эхэлсэн юм.

Шинээр байгуулагдсан баг нь UFO-той холбоотой гурван дүрс бичлэгийг нууцын архиваас нийтэд ил болгож байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News